
Дотоодын зарим үйлдвэрийн гурил тасраад удаж байна. Хүнсний зах, худалдааны төвүүд, хөдөө орон нутагт зарим дотоодын нэр төрлийн гурил нийлүүлэгдэхгүй байгаа юм байна. Энэ талаар сурвалжиллаа. Өчигдөр "Хүчит шонхор" хүнсний зах дээр "Алтан тариа", "Улаанбаатар" гурил хомс байв. "Алтан тариа"-н гурил долоо хоног нийлүүлэгдээгүй гэнэ. Харин "Улаанбаатар" гурил бага хэмжээгээр ирж байгаа талаар худалдагчид хэлж байв. Худалдагч Т.Ариунболд "Алтан тариан гурил тасраад удаж байна. Ямар шалтгаантайг нь мэдэхгүй байна. Үйлдвэр нь ажиллахгүй зогссон гэсэн. Энэ сарын 18-ныг хүртэл гурил нийлүүлэхгүй гэж хэлсэн. Үнээ нэмэх гээд байгаа юм болов уу гэж таамаглаж байна. Манайх гурван тонн гурил аваад дуусч байна. Одоо хэдхэн шуудай үлдээд байгаа" гэв. Тус зах дээр гурилын бөөний болон жижиглэнгээр гурил будаа худалддаг таван чингэлэг байдгаас ихэнх худалдагчид "Алтан тариа"-н гурил дууссан гэж хэлж байв. "Барс" бөөний худалдааны төвд мөн ийм байдалтай байсан юм. "Алтан тариа"-н гэрээт борлуулагчид нэг ч шуудай гурилгүй байсан. Ганц нэг лангуун дээр 25 кг ууттай гурил зарж байв. Манай гурилын зах зээлийн гол нийлүүлэгч үйлдвэр зогссон нь хомсдол үүсгэж магадгүй гэх хүмүүс байсан юм. Гэхдээ одоогоор үнэ нь нэмэгдээгүй байгаа аж. Харин "Атар", "Монгол" гурилын нийлүүлэлт хэвийн байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ