
Шинэ Орлеанд болсон холливудын оддын шүүхийн мөргөлдөөнд жүжигчин Кевин Костнер яллаа.
Стивен Болдуин болон түүний найз Спайридон Контогорис нар Костнер болон түүний бизнесийн хамтрагч хоёрын эсрэг зарга мэдүүлсэн юм. Ямар учиртай вэ гэвэл, Костнерийн Ocean Therapy Solutions компани British Petroleum-тай хийсэн олон сая долларын гэрээний талаар мэдээлэл өгөөгүй хэмээн буруутгасан боловч холбооны шүүгч гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
2010 онд Мексикийн нефтийн хаягдал цэвэрлэх төхөөрөмжийг Ocean Therapy Solutions компани British Petroleum – д зарахаас өмнө Болдуин болон Контогорис нар Ocean Therapy Solutions дах өөрсдийн хувьцаагаа зарсан юм.
Тэдний өмгөөлөгч учирсан хохирлын төлөө 17сая долларыг нэхэмжилсэн аж. Гэхдээ хоёр цагийн маргааны эцэст шүүгч тэдэнд юу ч олгосонгүй.
Шүүгчийн шийдвэрийн дараа Костнер инээмсэглэн өмгөөлөгчтэйгээ гар барилаа. Тэрээр “Миний нэр төр мөнгөнөөс илүү чухал, тийм учраас бид тохиролцоогүй юм” гэж хэлжээ.
Харин Болдуины өмгөөлөгч Жеймс Коббын хэлснээр, “Бид сэтгэл гонсгор байна. Ноён Костнер болон Смит нар биднийг мэхэлснийг бид нотолсон гэж бодсон. Гэхдээ шүүгч арай өөр өнцгөөс харсан бололтой, гэхдээ бид шийдвэрийг нь хүндэтгэж байна” гэлээ.
‘Костнерийн төхөөрөмж нь усыг нефтьнээс ялган, цэвэр усыг гарган нефтийг хөлөг онгоцон дээр үлдээдэг таван тонны цэвэрлэх машин’ гэж Смит мэдүүлгийн үеэр хэлсэн юм.
Костнер 1990-ээд оны эхэн үеэр, нефть болон усыг ялгах технологийн ирээдүйг олж харан хөрөнгө оруулж, корпорациа CINC Inc нэртэйгээр байгуулжээ. Энэ нь Costner in Nevada Corporation гэсэн нэрний товчлол аж.
Ц.Цээгий
СЭТГЭГДЭЛ БИЧИХ