
Улаанбаатарын автозам ачаалалдаа хэдийнэ түүртэж эхэлсэн. Бас Монголын жолооч нарын нуруун дээрх ачаа ч нэмэгдэж байна. Энэ оноос Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн дагуу хөл дүүжлэх унаатай болгон албан журмаар даатгалд хамрагдах ёстой болсон. Одоогоор 30 мянга гаруй жолооч даатгуулжээ. Ер нь манай улсад жолооны үнэмлэхтэй 720 мянган иргэн байдаг. Тэднээс жолоо мушгидаг нь 450 мянга, жолоодох машингүй 270 мянган хүн бий. Автотээврийн төрөл бүрийн хэрэгсэл нэмэгдэхийн хэрээр жолоочийн тоо жил ирэх тутам өсч, тусгай зориулалтын болон хүнд даацын, зорчигч тээврийн машин жолоодохоос бусад тохиолдолд хөл дүүжлэх унаагаа хөдөлгөх чадвар нь мэргэжил биш нийтийн хэрэгцээ болжээ. Гэхдээ нүүдэлчин монголчуудын сэтгэхүйд юм л тээглэхгүй бол зоргоороо давхидаг, ялангуяа хот бараадсан тракторын жолооч нарын ихэнх нь такси, микроавтобус барьж замын хөдөлгөөний дүрмийг “яргалдаг” явдал арилахгүй байна. Хүн дайрчихаад зугатдаг, хүний машин эвдчихээд “ хоёр чихийг минь огтолж авбал ав” гээд гудиггүй зогсож байдаг хүмүүс ч бий. Жилийн өмнө 8809 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 82,8 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарчээ. Иймд жолоочийн хариуцлагыг даатгалд хамруулж, тэдний хариуцлагыг нэмэгдүүлэх, буруутай үйл ажиллагааных нь улмаас хохирсон иргэний эрх ашгийг хамгаалах, зам тээврийн ослын хохирлыг нөхөн төлүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай болсон юм. Гэхдээ заавал албан журмаар даатгуулах нь аливаа даатгалын сайн дурын зарчимд хэр нийцэж байгаа юм бол. Дэлхийн ихэнх улс оронд төрийн зүгээс жолоочийн даатгалын хэлбэрээр дамжуулан замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийнхээ хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгодог байна. Олон улсын туршлагаас харахад жолоочийн даатгал нь тээврийн хэрэгслээ даатгуулах, эсвэл жолооч өөрийн хариуцлагаа даатгуулах гэсэн хоёр төрөлтэй байдаг. Харин манай улсын хувьд тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагыг даатгах холимог тогтолцоог хэрэгжүүлэхээр хууль баталсан. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд даатгуулах, түүнчлэн мэргэшсэн болон С, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамааран өөрийн хариуцлагаа албан журмаар заавал даатгуулах үүрэгтэй байхаар зохицуулжээ. Хар ухаанаар ухвал жолооны үнэмлэхгүй мөртлөө машинтай, машингүй атлаа жолооны үнэмлэхтэй хүн адилхан даатгуулах учиртай болж байх шиг. Ингэхдээ суурь хураамж төлнө. Энэ нь тээврийн хэрэгслийн ангилал тус бүрээр ялгаатай төдийгүй газар нутгийн байршил, өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ, тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо зэргээс хамаарч Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан итгэлцүүр хэрэглэх журмаар нэмэгдүүлэх буюу хорогдуулах юм байна. Одоогоор даатгалын хориод компаниас “МИГ”, “Бодь даатгал”, “Улаанбаатар” зэрэг 10 компани албан журмын даатгалыг хэрэгжүүлэх эрхтэй болжээ. Шинээр автомашин худалдан авсан буюу улсын бүртгэлийн дугаараа солиулсан тохиолдолд заавал жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдахыг хуульчилсан юм. Энэхүү албан журмын даатгалд заавал хамрагдахын тулд A, B, C, D, E ангиллынхан суурь хураамжид дунджаар 12-53 мянган төгрөг төлөх ёстой. Жолоо мушгисан жил, гаргасан аваар осол, нас сүүдэр, алба амины машины алийг нь унадаг гэх мэтийг нарийвчлан харгалзсан даатгалын гэрээний тооцоог хийхэд шаггүй математик толгой шаардах бололтой. Хөл дүүжлэх суудлын унаатай, толгойных нь эргээ гарчихсан жолооч гэхэд суурь хураамж, муу “Эксел”-ийнхээ хөдөлгүүрийн багтаамж, хот дотор холхидгоо бодолцвол 100 мянга шахам төгрөгийг хариуцлагын даатгалд өлхөн төлөх юм байна. Хүйтний цаг тул өвлийн дөрвөн дугуй авч тавихад бас зуугаад мянга, замын хураамж 16 мянга, агаар орчин бохирдуулсны төлбөр, тээврийн товчоогоор дамжиж орсны хураамж гээд бас бус юм бий. Саяхан түлш, шатахууны үнэ гэнэт 260 төгрөгөөр нэгэн зэрэг шахам нэмэгдсэн нь автотээвэр бүхий аж ахуй, жолооч нарын нуруун дээрх ачаа нэмэгдсэн төдийгүй дам дамаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийг хөөрөгдлөө. Удахгүй төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ. Өмнө нь хоёр литр бензин шахуулж байсан үнээр ганцхан литрийг авдаг болох нь. Улаанбаатарын захирагчийн албанаас нэрлэсэн автозогсоолд нэг цаг машинаа тавихад дор хаяж мянган төгрөг, хугацаа уртсах тутам хураамж нэмэгдэх нь ойлгомжтой. Хилийн цаанаас унаагаа юүлэхэд автомашины онцгой албан татвар ерөнхийдөө нэмэгдэж байна. Гэхдээ бяр чадал, нас сүүдрийг нь харгалзана. Өмнө нь эдэлгээний хугацаагаар нь 0-3, 4-9, 10-аас дээш жил хэмээн ялгавартай татвар ногдуулдаг байсан бол одоо 0-3, 4-6, 7-9, 10-аас дээш жил гэж ангилах юм байна. Харин моторын багтаамж нь 3500 (с\3)-аас ихгүй бол татварыг нэмээгүй, хуульд шинээр тусгасан 3500-4500, 4500-гаас дээш багтаамжтай болохоор тансаг хэрэглээний татвар нэмж авна. Хүч чадал ихтэй жип машиныг гол төлөв бэл бэнчин сайтай хүмүүс унадаг болохоор энэ зэргийн татвар төлөхөд “бяр” дутахгүй бололтой. Гэхдээ ядуу хүн гээд ямпий тэрэг унаж болохгүй. Үйлдвэрээсээ гараад арав, түүнээс илүү жилийн нүүр үзсэн л бол татвар нь ч өндөр, засвар үйлчилгээ ч их шаардана. Жишээлбэл, хөдөлгүүр нь 2500 с\3 багтаамжтай 2002 онд үйлдвэрлэсэн давгүй “Соната-5”-ыг Солонгосоос оруулж ирлээ гэж бодоход онцгой албан татварт 3000 ам.доллар төлөх болжээ. Өмнө нь 2000 ногоон л байсан шүү дээ. 2002 оноос өмнө үйлдвэрлэсэн бол даруй 2000-6000 болтлоо нэмэгдэнэ. Ингэхээр хэн дуртай хүн суудлынхаа загатнааг гаргах гэж энэ их хөдөлгөөний нягтрал дунд машин унах нь юу л бол. Жолоочийн хариуцлагын тухай хуульд жолооч улаан гэрэл дайрч уулзвар нэвтэрсэн бол, эрхийн үнэмлэхгүй, эсвэл урсгал сөрсөн бол хариуцлагыг тун өндөр тооцохоор болсон. Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нугалах буюу бараг хагас сая төгрөгийн торгууль ногдуулна. Аваарын бүс хийгээгүй энгэр задгай явбал таван мянган төгрөг тас. Шинэ хуулийн дагуу зөвхөн жолоочийг торгож шийтгээд зогсохгүй шат дараалсан арга хэмжээ авна. Тухайлбал, эхлээд зөрчил гаргасан автобусны жолоочид, дараа нь түүнийг хариуцсан компанийн ажилтан, цаашилбал захиралд нь арга хэмжээ авна. Сүүлийн үед ил, далд камераар бичдэг, станцаар мэдээлэх зэргээр зөрчлийг шуурхай илрүүлж, хариуцлага тооцдог болсноор Улаанбаатарт гэхэд өдөрт гарч байсан зөрчлийн тоо 450-иас 250 болтлоо буурчээ. Цагдаа нуугдаж байгаад арга хэмжээ авлаа гэдэг арга ядсан гомдол хааяа гардаг. Цагдаа байвал дүрэм зөрчддөггүй, байхгүй бол зөрчдөгөө боль. Энэ нь нийтийн эрх ашиг. Гэхдээ манайхан шиг уулзвар болгон дээр шахам цагдаа ярайж байдаг улс гэж байхгүй л дээ. Харин шинэ хуулийн илт давуу тал нь учирсан хохирлыг заавал барагдуулахаараа онцлогтой. Даатгалын гэрээ нь нэг жил хүртэл хугацаанд хүчинтэй байх ба даатгалын тохиолдол бүрт нэг удаа хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ А, В, буюу механизм ангиллын тээврийн хэрэгслийн хувьд таван сая, С, Д ангиллын хувьд 10 сая төгрөг олгох юм. Саяхан Санхүүгийн зохицуулах хорооноос АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөгчтэй хамтран зохион байгуулсан “Хариуцлага, даатгалын зарим асуудал” дугуй ширээний ярилцлагын үеэр жолооч нарыг албан журмаар даатгалд хамруулах ажил аравдугаар сарын нэгэн хүртэл явагдана гэдгийг тус хорооны Даатгалын газрын дарга С.Ганболд анхааруулав.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ