Тэнгис кино театрын үүдэнд хүч хэрэглэж, барилгын хашаа татжээ

- Нийтийн эзэмшлийн газарт хүч хэрэглэж хашаа хатгасан “GD” компанийн эзэн хэн бэ -
Нийтийн эзэмшлийн газарт хүч түрэн орж, барилга барих хашаа татах шийдвэрийг “GD” барилгын компанид хэн өгсөн бэ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хороо буюу “Тэнгис” кино театрын зүүн тал буюу үүдтэй нь зэрэгцүүлэн нийтийн эзэмшлийн газарт барилгын хашаа татжээ. Дээрх хашааг өчигдөр шөнө буюу 02.00 цагийн орчимд бариж эхэлсэн гэв. Шөнийн цагаар үүд хаалгыг нь таглан барилгын хашаа татаж байгаа хүмүүстэй “Тэнгис” кино театрын хамгаалалтын ажилчид тэмцэлдсэн боловч 40 гаруй залуус тэдэн рүү дайрсан тул дийлээгүй гэж тус кино театрын ажилчид хэлж байлаа. Уг маргааны улмаас тус кино театрын хэд хэдэн хамгаалалтын ажилтан гэмтсэн гэв. Нийтийн эзэмшлийн буюу барилга барихыг хориглосон бүсэд шөнийн цагаар барилгын хашаа татахаар зэхэж, үймээн дэгдээсэн тэдгээр хүмүүсийн хууль бус үйлдлийг зосгоохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэсийн цагдаа нар ирж шуурхай арга хэмжээ авсан ч дийлээгүй байна. Төрийн нэрийн өмнөөс харъяа дүүргийн цагдаагийн ажилтнууд нь хүртэл ирж, ажиллаж хууль ёсны шаардлага тависан байхад “GD” компанийнхан барилгын хашаагаа өчигдөр шөнө татжээ. “GD” компанийн хашаа татаад байгаа энэ газрыг хэн нэгний эзэмшил, ашиглалтад олгохгүй, барилгажихгүй газар байхаар шийдэврлэсэн байдаг юм байна. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал газраас зохион байгуулалтын төлөвлөгөний дагуу 180 дугаар тогтоолоороо нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбай, түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах зорилгоор 34,877 га талбай бүхий 32 газрыг хэнд ч эзэмшүүлэхгүй, барилга байгууламж барихыг хоригложээ. Энэхүү нийтийн эзэмшлийн газарт барилга барих зөвшөөрөл хэн нэгэн албан тушаалтан олговол энэ нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын зөрчсөн хууль бус газар олголт болох юм. Энэ талаар ойр хавид оршин суудаг иргэд “Улаанбаатар хотдоо төдийггүй улсдаа нүүр царай болдог соёл үзвэрийн газрын үүдийг хааж нийтийн эзэмшлийн газар дээр хууль бусаар барилга барих гэж буй нь өнөөх л авлига, хээл хахуултай л холбоотой байж таарна. Орон сууцны хажууд барилга барихаар иргэд, СӨХ нь тэмцээд болиулчихдаг харин нийтийн эзэмшлийн газар гэдгийг бол яаж ч зохицуулж хор найруулж болно гэж үзэж ийм аймар үйлдэл хийж байгаа хэрэг. Энэ ямар учиртай компани болохыг асуухад ямар ч хүн ам нээхгүй байна” гэж байлаа. С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ