ДБЭТ бол миний ариун сүм хэмээн ярих энэ эгэл хэрнээ даруухан эмэгтэй өлсөж яваа оюутнуудаа хүний гэлтгүй хайрлаж, өвдсөн нэгэнд эм авч, өлссөн нэгэнд нь хоол өгч, ээжийн оронд ээж болж яваа буянтан. Залуу халуун насаа Дуурь бүжгийн эрдмийн театрт, их урлагтаа зориулж олон алдартнуудыг төрүүлж өгсөн нэгэн. Тэрбээр дуурийн дуучин Э.Амартүвшингийн багш.
-Юуны түрүүнд шавь тань нэр хүндтэй шагнал авлаа. Танд баяр хүргэе. Хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Өнгөрсөн амралтын өдөр интернэтээр энэ тухай сонсчихоод их баярласан даа. Нисэх онгоцны буудал дээр очоод нисэхээсээ өмнө "багшаа би явлаа шүү үнсээрэй" гэж утсаар ярьсан. Тэр үед нь "зөндөө их үнслээ, амжилт хүсье, чи багшдаа хоосон ирж болохгүй шүү ямар нэг сайхан мэдээтэй ирээрэй" гэж хэлсэн. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд 500-гаад дуучид энэхүү тэмцээнд бичлэгээ явуулсан юм билээ. Энэ хүмүүсээс 40-н дуучныг шалгаруулж авч үлдсэнээс 20 эмэгтэй, 20 эрэгтэй дуучин шалгарсан байсан. Э.Амартүвшингийн хувьд эхний 40-д шалгарч үлдэж чадсан. 40-д үлдчихээд над руу залгаад "багшаа энэ үлдсэн хүмүүс чинь их мундаг хүмүүс байна шүү.Би чадах болов уу" гэхээр нь "чи чаднаа 40-д үлдэж чадлаа шүү дээ тэгэхээр цаашаа ч явж чадна" гэж хүүгээ зоригжуулж байсан. Амараа маань "за багшаа би заавал чадах болноо" гэж амласан амлалтдаа ч хүрлээ. Хүүгээрээ, шавиараа их бахархаж байна.
Хамгийн сүүлийн шагнал гардуулах ёслолыг интернэтээр хүүхдүүдтэйгээ үзэж сэтгэл догдлоод үзэж суулаа. Сүүлийн байрнаас эхлээд дуудаж байна тэгсэн хүүгийн маань нэр нь гардаггүй гэтэл нэгдүгээр байранд орсныг нь дуулаад инээх, нулимс гарах зэрэгцээд л гэртээ сууж байлаа. Манай сургуулийн багш нар утасдаад баяр хүргэж байсан. Энэ өдрийг хэзээ ч мартах аргагүй сайхан баярт үйл явдал тохиолдсон доо.
Дэлхийн агуу дуучин Домингогийн нэрэмжит уралдаан гэдэг бол их том. Тэр мундаг хүнээр удирдуулж түүний хөгжим дээр дуулна гэдэг ховор тохиолдол. Тэр сайхан хүнээр удирдуулаад миний хүү их азтай хүн. Бичлэгийг нь үзэж суухад Доминго миний хүүтэй их ойр байсан байна лээ. Хэл сайн сураарай, тэр дундаа итали, англи хэл сурах хэрэгтэй, тэгвэл чи дэлхийн дуучин болж чадна гэж хэлсэн байсан. СУИС-ийн хамт олон ч мөн ялгаагүй баярлаж байсан. Би өөрөө ОХУ-д энэхүү чиглэлээр бэлтгэгдсэн хүн, гэтэл миний шавь орост биш монголд бэлтгэгдлээ, тэгэхээр Монгол Улсад сонгодог урлаг хэрхэн хөгжиж байгааг дэлхий нийтээрээ мэддэг боллоо шүү дээ.
Наанадаж СУИС-ийн нэр цаашлаад Монгол Улсынхаа нэрийг гаргаж чадлаа. Өнгөрсөн амралтын өдөр энэхүү баярт мэдээг сонсоод ажлын эхний өдөр ажилдаа сэтгэл өөдрөг ирсэн. Тэгсэн манай хамт олон намайг цаашлуулаад алхаа нь хөнгөрөөд газраар биш тэнгэрээр нисэж яваа юм биш үү гэж цаашлуулж байсан. Багш хүн гэдэг нэр алдар хөөхөөс илүүтэй шавь нар нь амжилттай явж л байвал баярлаж суудаг хүмүүс.
Тэр ч бүү хэл сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцож, дэд байрын шагналыг эх орондоо авч ирлээ. Манайхан энэ тэмцээнээс шагнал авахыг хагас зуун жил хүлээсэн юм.
-Анх хэрхэн багш шавь болж байсан бэ. Их сонин учирлаар багш шавь хоёр бие биенээ олж байсан гэдэг?
-Есдүгээр ангиа төгсөж байхад нь Хүүхдийн ордонд “Дуулах өв” уралдаан болсон юм. Тус тэмцээнд 1-3, 4-6, 8-10 ангийн гэсэн ангиллаар хүүхдүүдийн дунд зохиогддог байсан. Тэрхүү тэмцээний шүүгчээр миний бие болон Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан нар сууж байлаа. Амараа тус тэмцээнээс тусгай байрт орж байсан. Анх тайзан дээр гарч ирэхдээ том хүний дээл өмссөн бололтой гутлынх нь хоншоор нь л цухуйгаад их махлаг хүүхэд шүү дээ булцайчихаад их хөөрхөн эгдүүтэй харагдаж байсан. Би эхлээд баяр хүргэчихээд дараа нь түүнд санал тавьсан л даа. Гэтэл надаас өөр санал тавьж байсан хүмүүс ч байсан юм билээ, хожим сонссон.
Аравдугаар ангиа төгсөөд дуучин болох сонирхолтой бол над дээр ирээрэй гэж хэлээд гэрийнхээ утасны дугаарыг өгсөн. Сурагчдын амралтаараа ч ирж болно шүү гэж хэлж байсан. Амараа маань Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн. Сар гарангийн дараа гэртээ байж байтал Амараагийн аав залгаж бид хүүхдээ дуучин болгох хүсэлтэй байна гэж хэлж байлаа. Яагаад ч юм би тэр хүүхдийг шавиа болгож авмаар санагдаж билээ. Ингэж л аравдугаар ангиа төгсөж ирээд миний шавь болж байсан даа.Таван жилийн хугацаанд сурч байхдаа “Учиртай гурав” тэмцээний хоёрдугаар Юндэн болж байсан. Оюутан байхдаа багшийгаа хэзээ ч зовоож байсангүй чихийг минь халууцуулж ч явсангүй. Шавиараа л их бахархаж явдаг даа. Их л дүн нуруутай сурагч байсан юм. Ийм л түүхтэй багш шавь болж байлаа.
-Таньтай ярилцаж суухад шавь нараа миний хүү, миний охин гэж ярьж байх юм?
-Тэгэлгүй яахав дээ. Би бүх шавь нараа миний хүүхдүүд л гэж бодож явдаг. Багш хүн хичээл заагаад л орхих биш хүүхдүүдтэйгээ хэр ойр ажиллаж сэтгэл зүрхийг нь мэдэрч чадна тэр хэрээрээ хүүхдүүдээ ойлгож чаддаг. Миний хүү, миний охин гэж бодох бүр тэднийг хайрлах сэтгэл надад төрж байдаг. Бүгд л миний төрсөн хүүхдүүдээс ялгаагүй ээ. Дөнгөж аравдугаар ангиа төгсөөд их сургуульд орно гэдэг чинь хүүхэд хөлд орж байгаатай ялгаагүй. Тэгэхээр замыг нь заах хэрэгтэй шүү дээ. Эрдэм ном заахаас гадна хүн болгох, хүмүүжүүлэх хэрэгтэй байдаг. Эрэгтэй хүүхдүүдийг нь тамхи архи гэх мэт зүйлээс хол байлгах талын зүйлийг ярьж ухуулах, хувцаслалт дээр нь анхаарах зэрэг зааж зөвлөдөг. Хөдөөний хүүхдүүд чинь хотын хүүхдүүдийг дууриаж зохисон зохиогүй хувцаслана, тэр болгон дээр нь хэлж өгдөг.
Өлсөж яваа нэгэнд нь хоол авч өгнө, өмссөн зүүсэн дээр нь анхаарна гээд л их ажил байнаа. Нэг өдөр манай шавь царай нь их сонин болчихсон орж ирлээ тэгэхлээр миний хүү яав, юу болов, өвдөө юу гэтэл дуу ч гаргахгүй толгой дохиж байна тэгэхээр нь өлсөөд байна уу гэтэл тийм гээд толгой дохиж байна. Тэгэхээр нь за гараад ядаж хоёр хуушуур аваад ид гээд мөнгө өглөө гэтэл тэрнээс хойш хэсэг хугацааны дараа хацар нь ягаараад улаа бутарчихсан явж байна. Цадчихсан уу гэж асуусанд багшаа баярлалаа яг унах гэж байсан шүү та аминд орлоо гэж хэлж байсан. Хоол захиалаад идэж амжаагүй байтал миний оюутнууд багшаа идлээ шүү гээд л идчихдэг энэ мэтчилэн нэг аяганаас хүүхдүүдтэйгээ хоолоо хувааж идээд л явж байна. Амараа маань ч миний идэж байгаа зүйлээс идэх тун дуртай. Ямар сайндаа л саяхан тэмцээнд явахдаа над дээр ирж бэлтгэл хийж байгаад явсан. Би тэр өдөр өдрийн цайгаа уух гээд нэг мөөхий идэж байгаад талыг нь үлдээчихсэн байсан. Гэтэл гам уншиж дуусчихаад нэг амьсгаагаар миний аягатай усыг уучихаад тэр тал мөөхийг энэ багшийнх биз дээ багшаа идлээ шүү гээд идчихээд л явж байсан. Хөдөө өссөн болоод ч тэр үү их гүндүүгүй хүүхэд.
-Таны багш Хайдав гуай гэж байсан?
-Би өөрөө урлагийн гэр бүлд өссөн. Миний аав УГЗ хурандаа Цэрэнпил гэж хүн байсан цэргийн үлээвэр хөгжмийн маршийн хаан гэж өргөмжлөгдсөн 100 гаруй марш бичсэн монголын үлээвэр хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулсан хүн гэж би бодож явдаг. Маршаас гадна үлээвэр хөгжмийн зохиолууд бичиж байсан. Аав маань талийгаач болоод нэлээд олон жил болж байгаа ч аавын маань маршаар цэрэг эрчүүд алхаж хийморио сэргээж явдаг болохоор охин нь болж төрсөндөө бахархаж явна. Хүүхэд нас минь цэргийн үлээвэр хөгжим дотор өссөн.Ингэж л урлагт хөтлөгдөж урлагийн зам руу орж байсан. Чойбалсан агсны нэрэмжит нэгдүгээр арван жил гэж тухайн үедээ л сэхээтнүүдийн хүүхдүүд сурдаг сургууль байсан. Чойбалсан гуайн охин Сувдаатай нэг ангид сурч байлаа. Чойбалсан даргын хүүхэд гээд их зан гаргаад байдаггүй энгийн сайхан даруухан охин байсан. Сургуулийнхаа үлээвэр хөгжмийн дугуйланд явдаг лимбэ тоглодог байсан. Тэр үеийн дунд сургуулиуд ихэвчлэн үлээвэр хөгжмийн дугуйлантай байсан.
Хүүхэд байхдаа лимбэнээс гадна төгөлдөр хуур, баян хуур тоглодог хүүхэд байсан. Энэ үеэс л урлаг руу гүн орж байлаа. Аав минь хүүхэд байхад театр руу их дагуулж явдаг байсан. Тэр үед Л.Цогзолмаа гуайг харчихаад ийм гоё хүн болоё гэж бодсон. МУГЖ Д.Пүрэвсүрэн гуайтай нэг хашаанд амьдардаг байсан энэ хүний ч нөлөө байсан. Пүрэвсүрэн эгчийн охинтой өдөржингөө тоглодог н.Цогсүрэн гэж охинтой орны хөшиг онгойлгоод гавьяат жүжигчин Цогзолмаа дуулна гэж зарлачихаад хөшгөө хааж тоглодог байсан нь ирээдүйд биелсэн юм болов уу даа. Долдугаар ангиа төгсөөд 1959 онд ЗХУ руу сургуульд явж байсан.
Удирдаач УГЗ Ч.Жамсранжав, Жамьян гуай охин дуучин Болдын ээж Цэцэгээ, аман хуур кинонд тоглодог бүлтгэр н.Эрдэнэчимэг бид хэд төгөлдөр хуурын ангид сурахаар явж байсан. Зургаан настай хүүхдүүд төгөлдөр хуур тоглож байхад бид хэд 13, 14 настай хүүхдүүд очиж байсан. Холоос ирсэн гээд сэтгэлийг нь бас бодож байсан байх найрал дууны багшийн ангид орж тэр мэргэжлээр төгссөн. Анх Г.Хайдав багш маань СУИС-д багш болж ирж байсан. Гэтэл би өөрөө мөн багш болоод л ирлээ. Эргэх холбоо гэж байдагчлан эргээд миний шавь нараас ч сургуульдаа багшилж байгаа ч хүүхдүүд байна. ДБЭТ-т уран бүтэлээ хийж байсан уран бүтээлчдээс бүгд л үе үеийн алдартнууд энэ сургуульд багшилж байна. Миний өмнөх үе Г.Хайдав, н.Цэвэлсүрэн, АЖ А.Загдсүрэн,н.Жамьянжав, МУГЖ А.Найдалмаа нар маань түрүүлээд ирж байлаа. Миний үеэс гэвэл АЖ Х.Уртнасан, МУГЖ А.Бүтэд биднээс хойших үе гэхээр АЖ А. Долгор, АЖ Ч.Мөнхшүр гэх мэт орж ирж байна.
-Анх дуурийн театртай холбогдож байсан үеэ эргэн дурсвал. Таны залуу халуун нас энэ л театрт өнгөрсөн?
- Сургуулиа төгсөж ирээд Хөгжим бүжгийн коллежид ассент багшаар ажиллаж байсан. Нэг өдөр МУГЖ А.Найдалмаа чамайг театрт аваачиж үзүүлнэ гээд Драгомескийн Лусын дагина дуурийг тавих гээд Монголын анхны есөн сафрон хоолойтой дуучин М.Дариймаа гэж мундаг дуучин байлаа. Тэр үед бие давхар байж. Лусын дагина дуурийг дуулах дуучин хэрэгтэй гэж би анх шалгуулж байсан. тэр үед 18 настай л охин дуурийн театрт орж байлаа.
Лусийн дагина дуурийн вангийн хатны дүрд, Г.Хайдав багш Ван буюу миний дурлалт залуугийн дүрд тоглож байсан.Анх тайзан дээр хөтлөж гарсан найруулагч маань УГЗ Д.Лхасүрэн Балтын дүрд тоглодог мөн АЖ Э.Оюун гэх мэт том хүмүүстэй жоохон охин учраа ч мэдэхгүй энэ том хүмүүстэй тоглож байсан ч болж байна хэмээн урам өгч дэмжиж байсан. 1968 онд төгсөж байлаа. Төрийн соёрхолт ардын жүжигчин 20-р зууны манлай Х.Уртнасан, гавьяат жүжигчин н.Баадай, Сүхбаатар кинонд тоглодог н.Дашнамжил эдгээр алдартнуудтай нэг анги байсан. 1968 оноос 1993 он хүртэл тасралтгүй 25-н жил дуурийн театрт гоцлол дуучнаар ажилласан. АЖ Д.Жаргалсайхан миний анхны багш дээрээ гурван жил сураад төгсөх жил нь ардын ансамбльд гадагшаа явахаар болчихоод Г.Хайдав багшад намайг хүлээлгэж өгч байлаа. Идэр насаа дуурийн театртай холбож байсан миний нэг гэр минь шүү. Хаяа очихоор сэтгэлд нэг л дулаахан өрөөндөө ороод л ширээ сандал дэрээ суухаараа санаа амардаг миний ариун сүм минь юм даа. Миний дөрвөн хүүхэд тэнд л өсөж өндийсөн буянтай газар.
-
Удам дагасан урлагийн гэр бүлээс төрсөн. Тэгэхээр таны хүүхдүүд дундаас урлагтай холбогдсон хүүхдүүд байдаг уу?
-Би дөрвөн хүүхэдтэй.Том хүү Миат компанид ажилладаг дунд охин хувиараа шаазан ваарны үйлдвэртэй. Хоёр охин, хоёр хүүтэй. Хүүхдүүдээс маань урлагтай амьдралтай холбосон хүү охин хоёр байна. Дунд хүү маань ДБЭТ-т хор мистер бага охин маань СУИС-д багш хийдэг. Дуурийн театрт ажиллаж байхдаа жирэмсэн байсан энэ бас хүүхдүүд минь гэдсэн дотроо л дуу хөгжимтэй холбоотой байсных энэ юм болов уу. Есөн ач зээтэй тэд нараас маань бас урлагын зам руу орж байгаа хүүхэд байна.
-Ээж аав тань Сэлэнгийн хүмүүс төрсөн нутагтаа очиж байна уу. Нэр тань их содон юм?
-Миний ажлын амжилт ээж аавтай мань шууд холбоотой. Би залуу ч байж ээж аавдаа хүүхдээ үлдээгээд л явдаг байсан. Миний ээж аав хоёр л үр хүүхдийг минь хүмүүжүүлж өсгөж өгсөн. Ээж аав хоёр маань анх Улаанбаатар хотод танилцаж гэр бүл болж байсан. Намайг төрөх үед аав ээж хоёр маань Сэлэнгэ аймагт явж байх үеэр би Ерөө голын эрэгт төрсөн. Ингээд аав маань надад Ерөө хэмээх нэрийг хайрлаж байсан түүхтэй. Аав Сэлэнгэ аймгийн Ерөө сумийн хүн, ээж Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Ээж аавынхаа төрсөн нутгаар явж амрах дуртай.
-Ач зээ нараа хэр эрхлүүлдэг вэ?
-Аав ээж хоёр хүүхдүүдийг минь хайрлаж өсгөсөн болоод ч тэр үү ач зээ нартаа байгаа бүхнээ тавиад л туучихдаг шүү. Нууж нэг өгнө ил нэг өгнө. Хатуу үг хэлж байсангүй. Хайлсан туглага шиг болдог юм байна. Өөрөө ач зээтэй болж байж л энэ зүйлыг мэдэрч байна шүү. Том ач маань Америкд сурдаг хаяа утасдаад эмээ яасан гэж бодно хүү чинь 10 доллартай байна, мөнгө явуулаач гэхээр нь л тэтгэвэрээ аваад 100 доллар аваад явуулья хэд болдог бол доо гээд л ач нараа эрхлүүлнээ. Ач зээдээ өөрийнхөө хүүхдүүдээс илүү хайртай болдог юм байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ