Хьюстоны үхэл Грэммийн ёслолыг өөрчилсөн нь

img

Грэммийн шагналын ёслолын арга хэмжээг шууд дамжуулахад 24-өөс доош цагийн хугацаа үлдсэн байхад найруулагчид Уитни Хьюстоны үхлийн талаар мэдсэн бөгөөд, 48 насандаа гэнэт таалал төгссөн дуучинд хэрхэн хүндэтгэл үзүүлэх талаар ярилцаж, зарим хэсгийг хасан, зарим үзүүлбэрийг нэмсэн тухай баримтат кино олны анхаарлыг ихэд татаж байна. Энэ нь  сүүлийн мөчид өөрчлөлт орсон 54 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах арга хэмжээний талаар “Гэр бүлд тохиолдсон хагацал: Шоу цааш үргэлжлэх ёстой” хэмээх баримтат кино аж. Хөтлөгч LL Cool J “Стейплэс-центр”-т болсон Грэммийн ёслолын үзэгчдэд Хьюстоны үхлийг зарлах нь түүний амьдрал дахь хамгийн хүнд мөч байсан гэжээ. Хэдийгээр өөр ямар ч телевизийн арга хэмжээ ингэж эхэлж байсныг мэдэхгүй байсан ч, тэрбээр залбирал уншиж эхлэхээр шийдэж, найруулагчид ч үүнийг нь дэмжсэн гэнэ.  Киноны талаар Grammy.com сайтаас болон Лос Анжелес дахь музейд үзэж болох юм. Киног хийсэн Кен Эрлих хэлэхдээ “Хамгийн хэцүү зүйл нь уг кино нь Уитни Хьюстонд хүндэтгэл үзүүлсэн байхаас гадна, өөрсдийн тухайн жилд хийсэн ажлаа үнэлүүлэхээр ирсэн мянга мянган хүний хүртэх ёстой хүндэтгэлийн өнгө аясыг алдагдуулахгүй байхад байсан” гэсэн юм. Баримтат кинонд LL Cool J-тэй хийсэн ярилцлагаас гадна Хьюстонд зориулж сэтгэл хөдөлгөм тоглолт үзүүлсэн Женнифер Хадсон нарыг багтаасан байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ