Хаяа багтахаараа аж төрье

img

Монгол юугаар баян бэ, малаар баян. Монгол юугаар арвин бэ, газар нутгаараа. Гэтэл өнөөдөр хүнсний захын лангуун дээр ганцхан кг үхрийн цул махны үнэ 9500 төгрөгт хүрч, Улаанбаатарт газрын дажин болж, хөдөө нутагт бэлчээр нутгаа булаацалдан галт зэвсэг хүртэл агсаж байсан. Уг нь манай орны эдийн засгийн үндэс болсон мал сүргийг малчдад хуу хувьчлаад өгсөн. Гэтэл сүүлийн арваад жилд хотоо харлуулсан малчин өрх, шинэ тулгар баяжсан мянгат малчдын тоо хоорондоо бараг шууд хамааралтай боллоо. Мал нь хотондоо багтахаа больсон малчид дээр нь бэлчээр өмчилж авахыг хүсэх болов. Шууд утгаараа жирийн малчин өрхийн тоо цөөрч, мянгатууд хүрээгээ тэлсээр малын тоо толгой 40 сая давж, түүний дотор ноолуурынхаа хүчээр дархлагдах шахсан ямаан сүрэг гойд өсчээ. Иймээс бэлчээрийн даац эрс муудаж байна. Дээр нь хувийн өмчийг шүтсэн аминчхан бодол давамгайлснаас “хаяа багтахаараа бууж, хамар хатгахаараа иддэг” монгол уламжлал гээгдсээр. Хотынхон алга дарам газраа тойруулан хайс хашаа шивээлж санаа нь амардаг бол малчид малынхаа бэлчээрийг торлож хаших цагийг зөгнөж байна. Жалга довны сэтгэлгээтэй зарим эрхэм гишүүн Бэлчээрийн тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьснаас хойш малчид дөрөө мулталсан түшээдээс энэ талаар асууж шалгаагаад амар заяа үзүүлэхээ больжээ. Сонгууль давхацсан энэ цагт чих зөөлөн болсон нэр дэвшигчид араа бодолгүй, урдахаа аргацаан хангай, говь, тал хээрийг хослуулсан дөрвөн улирлын бэлчээр нутгийг таслаад өгчих юм шиг лусын хаан царайлж явна. Зарим нь бүр гурван га бэлчээрийг жилд 28 мянган төгрөгөөр бүрмөсөн эзэмшүүлнэ гэж радиогоор бурахыг яана гээч. Монгол Улс 20 жилийн өмнө хүн төвтэй хүмүүнлэг ардчилсан нийгмийн замыг сонгосон болохоос бус, малжсан зах зээлийн нийгэмд орно гээгүй. Үндсэн хуульдаа мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж заагаад бэлчээр ус нь үнэгүй, эмгэг хуучаас нь салгах эм тариа төлбөргүй, ноос ноолуурынх нь үнэ санаанд хүрэхгүй бол төрийн нэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс нэмж өгдөг хууль үйлчилж байна. Дээхэн цагт мал “ялтай” байсан юм. Ялтай гэдэг нь малын хөлийн татвар авдаг, ашиг шимийн албан даалгавар ногдуулдаг байхад махны үнэ тэнгэрт хадаагүй, отрын нутгаа булаацалдаж буудалцаагүй болоод л байсандаг. Одоо ялгүй мал зоргоор өсч, ямбатай малчин ямаагаараа далайлгаж ноолуурын мөнгө нэхэж байна. Төрөөс хүүхдийн мөнгийг хасахад ноосны мөнгө оронд нь орж ирсэн. Хүний данснаас хасагдах шахсан “хүн сүрэг” бий болж, төрийн хамгаалалттай мал сүрэг “А” данснаас гадна ХААН банк, Монголын радиогийн “Эрэл сурал” нэвтрүүлэгт давхар давхар данслагдаж байна. Газар бол улсын үндэс гэсэн Хүннү гүрний шанью Модуны үг үеийн үед тусгаар тогтнолын баталгаа болсоор ирсэн. Иргэдэд газар өмчлүүлэх ажил цэгцрэх яагаа ч үгүй байхад бэлчээрийг эзэмшүүлнэ гэдэг байж болшгүй асуудал. Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэрийн 72,1 хувийг бэлчээр, хадлангийн талбай эзэлдэг. Түүний зэрэгцээ 1,5 сая км хавтгай газар нутгийн маань талаас илүү нь уул уурхайн лицензээр нэгэнт торлогджээ. Манай газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт гэхэд малчид, тариаланчдын хооронд газрын маргаан тасрахгүй байна. Хэрвээ уул уурхайн хайгуулын хавтгайрсан лиценз ашиглалтын лиценз болж даамжирвал Өвөрмонгол дахь бэлчээрээ харамласан малчдын адил уурхайн хүнд даацын машины дугуйны нөхөөс болох эмгэнэлт тавилан угтаж мэдэх юм. Дэлхийн дулаарал нэмэгдэж, Монгол орны цөлжилт тэлж, бэлчээрийн нөхөн сэргээгдэх нөөц хумигдаж байгаа нөхцөлд бэлчээрийг малчдад шууд эзэмшүүлэх нь урьдчилан таамаглашгүй олон үр дагаврыг дагуулж болзошгүй билээ. Мэргэжлийн байгууллагын судалж тогтоосноор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж, манай орны агаарын температурын жилийн дундаж 1940-2004 оны хооронд 1,9 хэмээр дулаарч, бэлчээрийн ургац сүүлийн 40 жилд 2-3 дахин буурч, ургамлын зүйлийн бүрэлдэхүүнд сөрөг өөрчлөлт гарч, байгалийн аюулт үзэгдлийн давтамж улам нэмэгдэх хандлагатай болжээ. Гэтэл аливаа ган гачиг, зуд турханы өмнө малчид төр, түмний гарыг харж амташсан бэлэнчлэх сэтгэлгээтэйгээ амь бөхтэй зууралдсаар байгаа. Малчид бүх төрлийн татвараас хөндий, бүх төрлийн хөнгөлөлт, тэтгэмж дэмжлэгт хамгийн түрүүнд хамрагдаж, хүүхдүүд нь хүртэл сургалтын төлбөрөө төрөөс даалгаж байхад хот, суурин газрын татвар төлөгч иргэдээ хямд төсөр мах, сүүгээр хангахдаа гар татдаг төдийгүй ноос ноолуур, мах, арьс ширний хятад ченжүүдэд нүдээ ухаж өгөхөөс буцдаггүй. Иймээс бэлчээрийг эзэмшүүлэх хуулийн нөгөө талд малын хөлийн татвар төлж, мах, сүү заавал нийлүүлэх босго хэмжээ тогтоож, дотоодын зах зээлд махны үнэ харьцангуй хямд үнээр борлуулдаг болсон тохиолдолд экспортыг зөвшөөрөх журмаар жингийн туухайг тэнцүүлэх учиртай. Нийт бэлчээрийн 80 хувь доройтсон нь ямар ч хуваарьгүй, ээлж сэлгээгүй удаан хугацаагаар ашигласан, хууль бусаар уул уурхайн олборлолт хийснээ нөхөн сэргээдэггүй, бэлчээрт хортон мэрэгч тархах явдлыг өөгшүүлсэн зэрэг хүмүүсийн хуншгүй зан авираас үүдэлтэй билээ. УИХ-аар бэлчээрийн асуудал сөхөгдөх нь дамжиггүй учраас хуульд өмнө нь заасан “Өвөлжөө хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэснийг хатуу эш үндэс болговол зохилтой. Гэхдээ малчдын бүлэг бэлчээрийг хэрхэн хамтран эзэмших, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид ямар болзол, гэрээний дагуу бэлчээрийг эзэмшүүлэх асуудал цоо шинээр орж ирнэ. Хүн амын өсөн нэмэгдэж буй хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хангахын тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд бэлчээрийн мал адгуулдаг малчин өрхүүдээс ялгаж салгаж, хүнээ бодолцвол илүү анхаарахад ч илүүдэхгүй болов уу. Цаашид бэлчээрийг нийтээр ашиглаж буй одоогийн арга ажиллагааг боловсронгуй болгохын зэрэгцээ өөрийн эзэмшил газар, бэлчээр бүхий фермерийн аж ахуйд эн тэргүүнд бололцоо олговол хүн амын хүнсний хангамжид илүү тустай. Малчдад бэлчээрийг шууд эзэмшүүлэх асуудлыг сөрсөн эл санааны цаана бэлчээрийн хэмжээ нь хот суурины болон бусад зориулалтаар эзэмшүүлсэн газартай харьцуулахад их хэмжээний газар нутгийг хамрах бөгөөд тухайн газарт нутагшиж байгаа зэрлэг амьтдын бэлчээр, нүүдлийн замыг хаах нь тэдгээрийн тоо толгой, үржилд сөргөөр нөлөөлөх билээ. Мөн чанартай зэрлэг ховор амьтдыг хайрлан хамгаалах нь мал сүргийг өсгөн үржүүлэхээс илүү чухлаар тавигдах цаг үе ирж байгааг ч үгүйсгэх аргагүй. Монголын төр малчдад хүссэн юмыг нь өгөхдөө гар татаагүй. Хатуухан хэлэхэд даварсан малчдын хот руу нүүдэллэж суурьшсан газрын хэрүүл ихэсч байхад бэлчээрийн асуудлыг зэрэгцүүлж тавих нь иргэдийг ялгаварласан хэрэг болно. 16 хүртэл насны дөрвөн хүүхэдтэй айлд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл хамгийн түрүүнд олгох сургаар нялх нойтон хүүхдээ дагуулсан эмэгтэйчүүдийн хотод суурьших сонирхлыг улам өдөөв. Нэгэн үе шинэ гэр бүл бологсдод хагас сая төгрөгөөр урамшуулахад хаа хамаагүй дэр нэгтгэх хосуудын тоо эрс нэмэгдсэн билээ. Одоо малчдад бэлчээр эзэмшүүлэх сургаар өрх тусгаарлах хүмүүс хөдөөд олширно. Би Монгол Улсын иргэний хувьд бэлчээр өмчлүүлэхийн эсрэг байна. Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ