
Эцэг эхийнхээ хайр халамжинд өсөх учиртай хүүхдүүд элдэв цавуу, өвс үнэртдэг болсон талаархи таагүй мэдээлэл сүүлийн үед олны чихийг дэлдийлгэх болов. Бяцхан мансуурагчид хоёр, гурваараа бүлэглэн энд тэндэхийн орц хонгилд мансуурч,цагдаагийн ажилтнуудад саатуулагдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.
Баримт татвал, өнгөрсөн 2011 онд Баянгол, Налайх, Баянзүрх зэрэг дүүрэгт хүүхдүүд мансуурсан тохиолдол арав гаруй удаа гарсан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрны подвалд 13-14 насны таван хүүхэд 250 граммын савтай ягаан өнгийн мансууруулах төрлийн бодис үнэртэж байгаад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт саатуулагдсан хэрэг гарч байв.
Түүнчлэн өнгөрөгч арваннэгдүгээр сарын 15-нд Налайх дүүргийн хоёрдугаар хорооны 52-р байрны нэгдүгээр орцны давхарт 15 настай О нарын дөрвөн эрэгтэй хүүхэд 0,5 литрийн савалгаатай ахуйн хэрэглээний хийг гялгар уутанд хийж мансуурч байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн.
Тэд газ, цавуу, бусад химийн бодис үнэрлэж мансуурсан болохыг нь мэргэжлийн байгууллага тогтоогдсон байдаг. Эмч мэргэжилтнүүдийн сэрэмжлүүлж байгаагаар химийн бодис нь хүүхдийн сэтгэцэд тодорхой хэмжээнд нөлөөлж түр зуурын мансуурал үүсгэдэг байна.
Тэр үедээ хүүхэд орчноо баримжаалах чадвараа алддаг. Түүнээс гадна тархи мэдрэлд нь хордлогын шинж үүсгэж, сэтгэн бодох чадварт маш сөрөг нөлөө үзүүлдэг аж. Түүнээс гадна VI хорооны нутаг дэвгэрт 11 жилийн сургуулийн хүүхдүүд мансуураад байна гэх дуудлага цагдаагийнханд ирсэн байна.
Дуудлагаар очиход тус хорооны иргэн Т, Б, З болон XVIII хороонд амьдардаг Б, Сонгинохайрхан дүүргийн VI хороонд оршин суух Б нар улаан өнгийн савтай 220 граммын хийн шингэнийг гялгар уут руу цацаж, толгойгоо хийж, үнэртэн мансуурч байжээ.
Цагдаа нар очиход мансуурсан хүүхдүүд бүгд элдэв янзын учир утга нь олдохгүй зүйл ярьж байсан гэнэ. Дээрх хүүхдүүд бүгд 14 настай, наймдугаар ангийнхан болох нь тогтоогджээ. Мансуурсан хоёр залуу болон хүүхдүүдийг Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд хүргэж эмчилгээ хийлгэж байсан гэх.
Энэ мэт маш олон баримтыг дурдаж болно. Сүүлийн үед цахим хэвлэлээр “Хүүхдүүд мансуурчээ, цавуу үнэртлээ” гэх мэдээллүүд ээлж дараалан цуварч, аль хэдийн томчууд бидний чихэнд дасал болох нь. Хэдийгээр хууль хяналтын байгууллагаас цавуу, хий үнэртэж мансуурдаг хүүхдүүдийг илрүүлдэг ч эрүүгийн хуульд хариуцлага тооцох тухай тодорхой заалт байхгүй учраас тэгсхийгээд эцэг эхэд нь хүлээлгэж өгөөд салцгаадаг.
Мансуурагч хүүхдүүд 20 настай эмэгтэйг хөнөөж цогцсыг нь шатаасан хэрэг гарч олон нийтийн сэтгэлийг сэртхийлгэсэн. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 20 настай охины амийг хөнөөж, цогцсыг нь шатаасан ноцтой хэрэгт яллагдагчаар татагдсан 16 настай Г гэгч цавуу үнэрлэж мансуурдаг байсныг мөрдөн байцаагч нь тогтоосон байдаг. Уг хэрэг өнгөрөгч зургадугаар сард үйлдэгдсэн бөгөөд Г, У нарт Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар буюу шунахай сэдэлтээр, уулгалан довтлох, дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр буруутгаж гурван шатны шүүхээс 16 жилийн хорих ял сонссон юм.
Тэд мөрдөн байцаалтын явцад цавуу үнэртэж мансуурдаг байснаа хүлээсэн юм билээ. Бүлэглэж цавуу үнэрлэдэг хүүхдүүдээс зарим нь бүр хүний аминд хүрч онц ноцтой аюултай гэмт хэрэгтний эгнээ рүү шилжиж байгаа нь сэтгэл түгшээсэн асуудлуудын нэг болж хувираад байна.
Тиймээс хууль хяналтын байгууллагаас мансуурдаг хүүхдүүдэд хариуцлага үүрүүлэх хуулийг нь чангатах тал дээр яаралтай анхаарал хандуулахгүй бол их хот бяцхан мансуурагчдаар дүүрч түрүүчээсээ тэд гэмт хэргийн ертөнцөд манлайлах нь.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ