Азийн элсний наадамд гандболын шигшээ баг анх удаа оролцож байна

img

Азийн элсний спортын 3 дугаар наадам БНХАУ-ын Шандун мужийн Хай Ян хотын Хэчинг цэнгэлдэх хүрээлэнд 2012 оны 6 дугаар сарын 16- ны өдөр солонгын нээлтийн ажиллагаа болж наадмыг Зохион байгуулах хорооны дэд дарга болон Шандун мужийн захирагч Жиан Дамин, БНХАУ-ын Олимпийн хорооны ерөнхийлөгч болон Спортын сайд Лиу Пэнг, Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Ахмад Ал Фахад Ал Сабад зэрэг албаны хүмүүс оролцжээ . Хай-ян гэх энэхүү жижиг хотод Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор зохиогдож байгаа тус наадам нь сагсан бөмбөг, гандбол, хөл бөмбөг, волейбол, модон бөмбөг, дугуйт тэшүүр зэрэг 13 спортын  49 –н зай, төрлөөр явагдаж, азийн 45 орны 1600 гаруй баг тамирчид оролцож байна. Тус наадамд Монголын гандболын шигшээ баг тамирчид анх удаагаа оролцож байгаа ба дасгалжуулагчаар спортын мастер Б.Бадрангуй, багийн ахлагчаар ШУТИС-ийн оюутан, спортын мастер О.Сандаг, ҮБТДС-ийн оюутан, спортын мастер Ю.Сайнхүү, Булган аймгийн 1-р 11-н жилийн дунд сургуулийн биеийн тамирийн багш Г.Бат-Эрдэнэ, МУИС-ийн оюутан Г.Цэнгүүнбаяр, ҮБТДС-ийн оюутан Г.Очирсүх, МУБИС-ийн оюутан Б.Баатарсүрэн, Б.Мөнхбилэг, Б.Бадамсэд, С.Нямдорж зэрэг тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа юм. Наадмын гандболын тэмцээн 6 сарын 16-ны өдөр эхэлж хуваарийн дагуу Монголын шигшээ баг Бахрайн улсын багтай өрсөлдөж, 17-ны өдөр Кувейт, Афганистан зэрэг улсын багуудтай тус тус тогложээ. Азийн элсний спортын наадам нь Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулдаг 5 томоохон спортын наадмын нэг бөгөөд анхдугаар наадам нь Индонез улсын Бали хотноо 2008 оны 10 сард, хоёрдугаар наадам Оман улсын Мускат хотноо 2010 оны 12 сард тус тус зохиогдож байсан. Өмнөх наадмуудын гандболын тэмцээнд БНХАУ-ын баг тамирчид аваргалж байсан ба энэ жил хөгжөөн дэмжигчид финалын шатанд мөн БНХАУ, Тайланд улсын багуудыг сонирхолтой тоглолтуудыг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа ажээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ