
АНУ-ын Нью-Йорк хотноо өнгөрөгч тавдугаар сард “Батаар” хэмээх тиронозаврын ясыг дуудлага худалдаанд оруулахаар болсон мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан. Үлэг гүрвэлийн ясыг Монгол Улсаас хууль бусаар хил давуулсан байх магадлалтай учир "шүүхийн шийдвэр гартал" гэсэн нөхцөлтэйгээр дуудлага худалдаанд оруулсан юм.
Гэтэл саяхан америк, канад, монголын мэргэжилтнүүдийн хамтарсан баг энэхүү үлэг гүрвэлийн ясыг Монголын газар нутгаас олдсон болохыг албан ёсоор нотолсон билээ. Энэ талаар БСШУЯ-ны Соёлын газрын дарга Б.Наранзунаас зарим зүйлийг тодрууллаа.
-АНУ-д дуудлага худалдаанд орсон уг олдворыг Монголоос олдсон эсэхийг судлах багт ажиллаад ирлээ. Уг олдвор хаана хадгалагдаж байна?
-Нью-Йорк хотод дуудлага худалдаагаар зарагдсан үлэг гүрвэлийн олдворыг Монголынх мөн эсэхийг тогтоохоор манайхаас ажлын хэсэг газар дээр нь ажилласан. Олдворыг хайрцагт хийгээд, зөөж тээвэрлэхэд бэлэн болгоод хадгалж байна лээ. Уг дуудлага худалдааны газрынхан бидэнд маш нээлттэй хандаж, хамтран ажилласны дүнд богино хугацаанд энэ асуудлыг шийдэж, судаллаа.
-Ямар шинж тэмдгээр Монголынх гэдгийг нотолсон юм бол?
-Эхний ээлжинд эрдэмтдийн баг маань 11 шинж тэмдэг, ясны бүтцийн нэг шинж тэмдгийг шинжилж үзсэн байгаа. Ер нь Тиранозаур гэх махчин үлэг гүрвэлийн олдвор их цөөхөн байдаг. Шинжилгээний дүнгээр Нэмэгтийн хөндий буюу палентеологчдийн нэрлэдгээр Нэмэгтийн үед хамаарагдах Тиранозаурус Баатар болох нь тогтоогдсон.Tиранозаурус Баатар нь тарбозавраас юугаараа ялгаатай байдаг вэ гэвэл ясны өнгө, шинж тэмдэг нь өөр. Умард Америкаас олддог тарбозаврын яс нь хүрэн бараан, тослог газрынхаа хөрсний шинж тэмдгийг агуулсан байдаг бол манай говиос олддог нь илүү цайвар, бага зэргийн хүрэн өнгөтэй байдаг. Америк, канад, монголын гурван эрдэмтэн тус тусдаа шинжилгээ хийж үзээд гурвуулаа 100 хувь Монголынх гэдгийг нотолсон байгаа. Энэ бүхэн дараа дараагийн шүүхийн шийдвэрт нөлөөлнө.
-Олдворыг хэзээ эх орондоо авчрах вэ?
-Энд нэг зүйлийг хэлэхэд зарим хүмүүс уг олдворыг авчирхаар явсан гэж ойлгоод байна. Үнэндээ ажлын хэсгийн маань зорилго нь монголоос олдсон эсэхийг тогтоохоор явсан юм. Одоо эргүүлж авахын тулд шүүхийн шийдвэрийн хүлээж байна. Өөрөөр хэлбэл, шүүх хурлаар буцаах эсэхийг шийднэ. Уг үлэг гүрвэлийн ясыг малтан гаргах ажлыг тааруухан гүйцэтгэсэн тул 75 хувь нь бүрэн бүтэн үлдсэн байгаа юм. Уг олдворыг АНУ-д хуулийн дагуу аваачсан гэсэн зүйл яригдаад байгаа. Хэдийгээр Монголоос гаралтай ч монголынх гэсэн бүртгэл байхгүй.
-Шүүхийн шийдвэр хэзээ гарах вэ?
-1-2 сар болох байх.




Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ