
Уул уурхайн компаниудад байгаль орчин сүйтгэх, хууль зөрчих боломж олгосон гэх үндэслэлээр Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс Засгийн газрыг шүүхэд өгсөн. Уг хэргийн хяналтын шатны шүүх хурал дээд Шүүхэд яг одоо болж байна. Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн нь “Сентерра гоулд Монголия” “Пураам” компанийн үйл ажиллагаанаас болж Буданчийн голыг даган нутагладаг иргэд эрүүл мэндээрээ хохирч, байгаль орчин ихээр бохирдсон.
Энэ бүхний үндсийг Засгийн газар тавьсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн мөрөөр өнгөрсөн оны аравдугаар сарын 22-нд Засгийн газарт иргэний хэрэг үүсгэсэн юм.Тэдний нэхэмжлэлийн агуулга нь “Монгол Улсын Засгийн газарт Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1, Засгийн газрын тухай хуулийн 7-р зүйлийн 7-2, 11 дүгээр зүйлийн 1-6-д заасан үүргийнхээ дагуу Онги, Завхан, Туул, Хангилцаг, Хүдэр, Улз, Ерөө, Гацууртын голын сав газарт байгаль орчны хохирлын үнэлгээг хоёр сарын дотор тооцож, олон нийтэд зарлахыг даалгах, мөн дээрх голуудын сав газар учирсан байгаль орчны хохирлыг Засгийн газраар төлүүлэх” гэсэн байдаг.
Энэхүү нэхэмжлэлийн дагуу Засгийн газарт үүсгэсэн иргэний хэргийг хоёр шатны шүүх хэлэлцээд Засгийн газарт хэрэг үүсгэх үндэслэлгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Тэгвэл эл хоёр шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нар эсэргүүцэн хяналтын шатанд хандаад байгаа юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ