
“Anemone” хамтлагийн охид уран бүтээлийн олз омог арвинтай байгаа.Тэдний дөрөв дэх клип “Надад мөрөөдөл бий” хэмээх цоо шинэ дуундаа хийлгэсэн шинэ клип нь телевиз, ФМ радиогоор цацагдаж, эхэлсэн. Тус хамтлаг таван хүний бүрэлдэхүүнтэй байсан бол сүүлийн үед хамтлагийн гишүүн Оно буюу Оюунтуяа хамтлагаасаа гарсан гэх яриа гараад байгаа билээ. Оногийн хувьд "Making the band-1" төсөлд хамрагдаж “Anemone” хамтлагийн гишүүн болсноор анх урлагт хөл тавьж байсан. Мөн тэрбээр хамтлагтаа дуулахын сацуу СУИС-ийн эстрад дуулаачийн ангид суралцдаг байсан. Цаашид Оно хамтлагтаа дуулж уран бүтээл хийх боломжгүй болсон. Учир нь тэрбээр Япон улсад мэргэжлээрээ суралцахаар болсон тул хамтлагаасаа гарч уран бүтээлээ тодорхой хугацаагаар завсарлахаар болсон аж. Бид энэ талаар тус хамтлагийхантай холбогдож тодруулсан юм.
-Танай хамтлагийн гишүүн Оног хамтлагаасаа гарсан гэж дуулсан. Энэ үнэн үү?
Жанна: Оно маань Японд сурч, урлагийн чиглэлээр мэргэжил эзэмшихээр болсон. Бид анх бүх л зүйлээ тавуулаа эхэлсэн. Түүнийг хамтлагаасаа гарна гэж хэн ч төсөөлөөгүй. Эхний үед бидэнд маш их хэцүү байсан. Түүнийг өдөр бүр санадаг. Тайзнаа дөрвүүлээ гарахад нэг л эвгүй мэдрэмж төрөөд л. Гэхдээ нэгэнт Оно маань өөрийнхөө амьдралын зорилгыг тодорхойлоод түүндээ хүрэхийн тулд явах гэж байхад бид саналыг хүлээж авахаас аргагүй байсан.
-Түүний орыг нөхөх шинэ гишүүн авах уу?
Цэнгэлэн: Түүнийг гарсны дараа бид шинэ гишүүн авах уу, эсвэл дөрвүүлээ уран бүтээлээ үргэлжлүүлэх үү гэж ярилцсан л даа. Оног нөхөх хүн бидэнд олдохгүй болов уу гэж боддог. Тиймээс дөрвүүлээ л байхаар шийдсэн.
Жулиа: Оно заримдаа чив чимээгүй болчихдог. Хааяа их галзуу, цоглог болчихдог. Тэр их зоригтой. Биднийг үргэлж хурцалж өгдөг байсан. Бас сайн дуулдаг, сайн бүжиглэдэг. Бид үргэлж Оногийн талд байдаг байсан. Одоо ч байсаар байх болно. Өөрийнхөө бодож санасан зүйлдээ заавал хүрээрэй гэж найздаа хэлмээр байна.
Халиун: Богинохон ч гэсэн бидний хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа их дурсамжтай. Бид “Оно байхгүй, онцгүй байна даа” гэж хүмүүст хэлүүлэхгүйн тулд их хичээж байгаа. Цаашид бид дөрвүүлээ уран бүтээлээ таслалгүй, эрчтэй, хүчтэй хийнэ гэдгээ амлая. Яг одоо бол бидний амьдрал энэ хамтлагтай шууд холбоотой болсон. Магадгүй бидний амьдралын зорилго, хүсэл тэмүүлэл бүхэн энэ хамтлагт бий байх. Орой унтах, өглөө босох бүртээ хамтлаг гэж амьдардаг болсон.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ