
Хятадын Чунцин хотын шинэ даргын хэлснээр Бо Силайгийн хэрэг хятад улсын болон коммунист намын нэрийг гутаасан гэнэ.
Аравдугаар сард болох Коммунист намын удирдагчийг сонгох хурлын өмнө Намын захиргааны хурал дээр Жан Дежиан ийм үг хэлжээ.
Намын хуучин дарга Бо Силай гуравдугаар сард огцорсон бөгөөд, намын дүрэм зөрчсөн эсэхийг нь шалгаж байгаа. Түүний эхнэр английн бизнесмен Нейл Хейвудын үхэлд сэжиглэгдэж байгаа юм.
Ноён Бог тойрсон эдгээр хэрэг явдлууд хятадын улс төрийн салбарт сүүлийн хэдэн жил болж байгаагүй томоохон өөрчлөлтөд тооцогдож байгаа бөгөөд Коммунист намын удирдагчийг сонгох санал хураалтыг олонд ил болгосон юм.
Бо Силайгийн дараа томилогдсон ноён Жангийн хэлж буйгаар хотын намын хорооны ажил явдалд зарим нэг хүндрэл, доголдол бий болоод байна. “Ялангуяа Ван Лижуны хэрэг явдал, Нейл Хейвудын үхэл болон нөхөр Бо Силайгийн ноцтой зарчмын доголдол зэрэг нь намын болоод улс үндэстний нэр хүндийг гутааж, Чунцины хөгжил дэвшилтэд ихээхэн нөлөөллөө” хэмээн засгийн газрын мэдээний сайтан дээр нийтлэгдсэн яриандаа дурджээ.
“Гэхдээ сүүлийн таван жил дэх Чунцины ололт болон бусад албаныхны шургуу хөдөлмөрийг Бо Силайгийн асуудлаас салгаж авч үзэх ёстойг ч нэмэн тэмдэглэсэн юм. Мөн “бүх хүн хуулийн өмнө эрх тэгш, ямар ч хүн эсвэл бүлгийг хуулиас дээгүүр тавихгүй байх” зарчим маш чухал байна. Удирдагч, ахлах ажилтнууд хуулийг дагаж мөрдөхөд бусдад үлгэр дууриал үзүүлэх ёстой” гэж ноён Жан хэллээ.
Нэгэн үе дээд албан тушаалд хүрэх магадлалтайд тооцогдож байсан ноён Бо албан тушаалаасаа татан буугдсанаас хойш олны нүдэнд харагдаагүй байна. Эх сурвалжууд түүнийг Бээжинд гэрийн хорионд, харин эхнэр нь баривчлагдсан байгаа гэж мэдээлсэн аж.
Ноён Хейвудын цогцсыг 2011 оны арван нэгдүгээр сарын 15-нд Чунцин дэх зочид буудлаас олсон юм. Орон нутгийн албаныхан түүнийг архи хэтрүүлэн ууснаас нас барсан гэж эхлээд зарласан бол, засгийн газар дөрөвдүгээр сард мэдэгдэхдээ ноён Богийн эхнэр энэ хэрэгт холбоотой гэсэн байна.
Ц. Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ