
Хустайн нуруунд алагдсан 13 бугын хэрэгт холбогдох сэжигтнүүдийг баривчилсан байна.Тэдгээр бугануудын дөрөв нь хээлтэй байсан ажээ.
Хулгайн анчид бугын чив, сүүл, хэл, сав төдийгүй цусыг нь юүлж авсан гэх мэдээлэл бий. Уг хэрэгт холбогдуулан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Б, Увс аймгийн харъяат Б нарыг саатуулжээ. Тэднийг саатуулах үед сэжигтэн Б-гийн гэрээс 86 ширхэг бугын сүүл, 20 баавгайн савар, есөн хүдрийн заарь, гахайн засаа, бугын чив зэрэг гарсан бол түүнд бараагаа худалддаг гэх Увс аймгийн харъяат Б-гийн машинаас 30 гаруй бугын эвэр мөн тооны чив, сүүл гарсан байна.
Дээрх эд зүйлийг худалдан авсан ченж нар бугыг хэн агнасан, тэдэнд хэн бараа нийлүүлдэгийг маш их нууцалж байгаа бөгөөд “Утсаар ярьж, буриадуудаас авсан. Утасны дугаарыг нь тэмдэглэж аваагүй” хэмээн мэдүүлж байгаа аж.
Мөн эл хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдөр УМБГ-аас “Цайз” захын ченжүүд таван иргэнийг мөн саатуулж, ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Эдгээр этгээдүүд хориотой ан агнуурын эд эрхтэн худалдан авсан хэрэгт сэжигтнээр татагдаж байгаа юм байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ