
"Туурайн төвөргөөн 2012" шинэ хөгжим, ардын урлагийн олон улсын их наадмын нээлт өчигдөр Үндэсний түүхийн музейд болсон юм. Тус наадам энэ сарын 18-30-ны хооронд үргэлжлэх аж. Уг наадамд ХБНГУ, Швейцарь, Австри, Бразил, АНУ, Францын төлөөлөгчид оролцлоо. Улаанбаатар хотод нээлтээ хийсэн бол энэ сарын 19-23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хот, Данзанравжаагийн музей, Саран хөхөө театрын туурь, Хамрын хийд, Дэлхийн энергийн төв зэрэг түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудад цуврал аялан тоглолтоо зохион байгуулна.Монголын шинэ хөгжмийн ассоциациас санаачлан жил бүр зохиодог уг наадам энэ жил Улаанбаатар , Дорноговь, Өвөрхангай аймагт тус тус болох юм байна. "Туурайн төвөргөөн" хөгжмийн их наадам нь 1999 оноос жил бүр тасралтгүй зохиогдож байсан бол дэлхийн 100 орны 1500 гаруй хөгжимчид, уран бүтээлчид оролцжээ. Энэ сарын 25-29-нд Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд Баянговь жуулчны бааз, Хархорин-Эрдэнэ зуу хийд, Эрдэнэ Хамбын хийд-Хөгнө Хан уул, Өндөр гэгээн Занабазарын туурь, Нийслэлийн туурь зэрэг түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудад цуврал тоглолтоо зохион байгуулах аж. Их наадмын үеэр эрийн гурван наадам, бөө, хөөмэйн олон улсын бага хурал, говийн зуны академи болон төрийн зайран Д.Бямбадорж бөөгийн зан үйл хийх юм байна.
Э.Сувд
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ