
Дэлхийд нүүрлэсэн байгаль экологийн хямрал Монгол Улсад мөн адил тулгарч байгаа бөгөөд энэ хямралын нэлээд хувь нь бидний байгаль орчноо хамгаалах үйлс, хууль тогтоомж, эрхзүйн орчин боловсронгуй бус, хуулийн хэрэгжилт хяналт сул байгаагаас үүдэн дордсон. Ялангуяа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй уул уурхай, барилга газар ашиглалт нь байгаль экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж байна. Уул уурхайн салбарын аж ахуй нэгж, байгууллагууд нөхөн сэргээх үйл ажиллагаанд хойрго хандаж байна. Уул уурхай, барилга хотын бүтээн байгуулалт нь газар тариалан эрхлэх талбайг багасгаж, гол горхи усны эхийг бохирдуулж, олон сая жил бүрэлдэн тогтсон экосистемийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөх боллоо. Монгол орны хувьд цөлжилт, агаарын бохирдол, цэвэр усны нөөцийн хомсдол зэрэг нь эмзэг асуудал юм.
Монгол орны нутаг дэвсгэрийн найм орчим хувийг эзэлдэг ойн талбайн 40% нь бидний зохисгүй үйл ажиллагааны улмаас нөөц нь хомсдон хортон шавьж, түймэрт нэрвэгдсээр одоогийн байдлаар 6.7/га/ м
3 хэмжээний ногоон ой үлджээ. Говийн бүсийн бутлаг ургамал болох загийг их хэмжээгээр ашигласнаас үүдэн 125.0 га заг бүрэн устжээ. Говийн бүсийн оршин суугчид бут, сөөг, шавар, харгана, зэргийг түлшинд ашиглах болсон нь цөлжилт үүсэх гол шалтгаан болсон байна. 1990-2000 оны хооронд цөлжилт 5.4 дахин ихсэж, 2006 оноос хойш цөлжилтөнд хүчтэй нэрвэгдсэн газар нутаг 70-аад хувьтай болоод байна. Үүнээс харвал манай улсын хувьд цөлжилт нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ. Цөлжилт нь экологийн зүй зохист харьцааг алдагдуулахад хамгийн хүчтэй нөлөөтэй. Элсний нүүдлийн улмаас бэлчээр хомсдож, газрын бүтэц өөрчлөгдөн өвс ургамал, усны ундарга зэрэг нь үгүй болох эрсдэлтэй. Энэ нийгмийн зорьж буй бүтээн байгуулалтад ч гэсэн асар их саад бэрхшээл учруулна.
Байгалийн болон байгалийн бус ногоон байгууламжаас цэвэр агаар ялгарч, бид түүгээр нь амьсгалдаг. Хүн төрөлхтний хөгжил, шинжлэх ухаан техникийн дэвшлийн үр дүнд агаарын найрлага, чанарт мэдэгдэхүйц сөрөг өөрчлөлт гарсан. Сөрөг өөрчлөлтүүд хөрс, агаараар ч зогсохгүй усны экосистемд маш ноцтойгоор заналхийлэх боллоо. Усны нөөцийг бусад экосистемтэй харьцуулахад хэд хэдэн онцлог шинжтэй. Ус бол юутай ч харьцуулшгүй амин чухал эрдэс бодис юм. 2003 оны усны тооллогоор 5556 гол горхиноос 683 нь, 9600 булаг шандаас 1484 нь, 4193 нуур тойрмоос 760 нь ширгэсэн байв. Хамгийн сүүлийн үеийн усны тооллогоор 5128 гол горхи тоологдсоноос 852, 3347 нуураас 1181 нь, 9603 булаг шанд тоологдсноос 1177, 429 рашаанаас 60 ширгэсэн тоо баримт гарсан байна. Энэ бол ядуурлаас ч илүү том гамшиг. Эргэж нөхөгдөшгүй чандмань эрдэнээ алдан байж алт ухсаар л байх уу.1997 оны лицензийн хуулийн замбараагүйтэл нь Монголын газар нутгийн 45 хувийг лиценз хэлбэрээр харийнханд өгчээ. Тэд уурхайн олборлолт явуулахдаа экологид сөрөг нөлөөтэй арга, химийн бодисыг ил далдаар ашиглаж байна.
Ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дунджаар 100 гаруй компаниуд байдаг бөгөөд тэдгээрийн 90 гаруй хувь нь нөхөн сэргээлт гэсэн ямар ч ойлголтгүй байдаг. Нөхөн сэргээлтийн хууль байдаг ч хэрэгжилтийн асуудал дээр ямар ч хяналт байдаггүй.
Уламжлал ба байгаль хамгаалал
Монголчууд нүүдэлчин соёл иргэншилтэй учир байгальтайгаа ойр амьдардаг байгалийг амьдчилан шүтэж ирсэн ард түмэн билээ. Монголчууд гол усны сав газрын хөрсийг сэндийчих битгий хэл модны мөчрөөр нь тоглодоггүй байлаа. Учир нь усны сав газар дахь мод нь усыг өөртөө агуулж, ширгэх аюулаас хамгаалж байдаг. Өвөг дээдэс маань булаг шандын усыг ариун ус хэмээн нэрлэдэг уламжлалтай. Худаг шандын усыг гадуур нь цалгилуулахгүй авна. Хэрэггүй бол газрын хөрс эвдэхгүй, хад чулууг нураадаггүй байлаа. Энэ мэтчилэн байгаль хамгаалах түүнийг хайрлах олон уламжлалтай. Өвөг Монголчууд байгалийг хайрлаж, хүндэлснийхээ хариуд хайр хишгийг нь хүртэж жилийн дөрвөн улиралдаа уудам нутагтаа нүүдэллэн суудаг цагаахан сэтгэлтэй ард түмэн ажгуу. Монгол хүн усны сав газрын модыг ер хөндөхгүй. Лусын хорлол болж, гол ус ширгэнэ гэдэгсэн. Зулзаган мод болон төгөл модноос нэгийг ч авахгүй. Өнчин мод, удган мод, бухны сүүл мод мэтийн онцгой сонин модыг их хайрлана. Жимс ургамлыг боловсорч гүйцсэн хойно түүнэ. Тэгэхээс өмнө ер түүхгүй. Ус булингартуулж, рашаан булаг шандын усанд сүү, цагаан идээ дусаахыг ихэд цээрлэнэ. Энэ нь усыг ариун бөгөөд амьтай гэж үздэгтэй холбоотой. Монголчууд билгийн ухаанаараа ус амьтай болохыг хэдэн мянган жилийн өмнө мэддэг байжээ. 21-р зуунд Японы эрдэмтэн Масару Эмото ус дэлхий ертөнцөд хайр талархлаар холбогдсон байдгийг шинжлэх ухааны баримтаар батласан. Өвөг дээдсийнхээ байгальтай харьцах зүй ёс, амьдрах зөв жамыг түүх болгон үлдээх гэж үү.
“Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан үр хойчдоо хүлээлгэн өгнө” гэж О.Дашбалбар агсан шүлэглэсэн байдаг. Гэвч бид энэ байдлаараа байгал орчноо сүйтгэж, шунасаар байвал овоолсон шороо, онгойсон нүхнээс өөр юу ч үлдэхгүй нь. Атга алт аяга усны үнэд хүрэхгүй цаг үеийг харж, үр хүүхдийнхээ нулимсаар ундлах гэж үү баялаг бүтээгчид ээ.
Б.Гоомарал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ