А.Долгор: Хань минь хосгүй сайхан хүн л дээ

img

Монголын урлагт нэр мөрөө үлдээж яваа сайхан эмэгтэйчүүдийн нэг Ардын Жүжигчин А.Долгор  гэдэгтэй маргах хүн гарахгүй. “Бодлын цагаан хун” “Эр хүн” зэрэг хит дуунуудаараа үзэгч олондоо танигдсан. Дуурь бүжгийн эрдмийн театрт дуулахаас гадна СУИС-ийн Дуурийн дуулаачийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Түүнтэй цөөн хором ярилцснаа толилуулья. -ДБЭТ-т дуулахаас гадна СУИС-Д багшлаж байгаа? -Хичээж л байна. Энэ жил миний хувьд зүгээр суусангүй.Өнгөрсөн 12-р сард сонгодог тоглолт хийсэн. Гуравдугаар сард мөн бие даасан тоглолтийг ээжүүддээ, эмэгтэйчүүддээ зориулан хийсэн. Дөрөвдүгээр сард “Аида” хэмээх гранд опера дуурьт дуулсан. Төв аймгийн Баянцагаан суманд өөрийн бие даасан тоглолтоо тавьсан зэрэг  их олон ажлыг амжууллаа.  Дуурийн театртаа одоогоор харьяалагдаад, дуулаад явж байна. Өнгөрсөн жил төгссөн нэг шавь байгаа. Тэр шавьдаа  хамаг итгэл найдвараа тавьчихсан байна. Багш гэдэг хүнд мөртлөө их сайхан мэргэжлийн нэг. Тав дах төгсөлтөө хийсэн. Цаашид олон жил багшлах  бодолтой байна. -Уран бүтээл дээр цаашдаа ажиллана биз дээ. Таны дуулсан дуу бүр хит болдог шүү дээ? -Хамгийн сүүлд ээжийн тухай дуутай цомог гаргасан. Зарим нэг дуунууд нь радиогоор цацагдаад явж байна. Дуулах дуртай учраас уран бүтээлээсээ хөндийрөхгүй боломж л олдвол дуугаа дуулаад явах байх даа. -Таны хувьд гоо сайхандаа хэр анхаардаг вэ. Залуу сайхан харагддагын нууц юунд байна? -Урлагийн хүн, тэр тусмаа эмэгтэй хүн гоо сайхандаа анхаарах нь зүйн хэрэг. Нэгдүгээрт урлаг өөрөө тэнгэрлэг гэгээлэг үйл. Үзэгчдийн алга ташилтаас энерги авдаг. Хүүхдүүдтэй харьцдаг энэ ажил маань бас их гэгээлэг, бурханлаг ажил байдаг. Ер нь урлагийнхныг, авьяастай хүмүүсийг бурхны бэлэг гэж ярьдаг. Бидний хувьд бурхнаас бэлэг авсан хүмүүс. 60 нас дөхөж байна, би хөгширлөө гэж бодохгүйгээр гоо сайхандаа анхаарч байдаг. Мэдээж нүүрэндээ  хамгийн сайн бүтээгдэхүүн хэрэглэдэг, мөн мөнгийг ч хайрлахгүй зардаг. Мэс хэрэглэхгүйгээр, татуулахгүйгээр аргална даа. -Хүүхдүүдээ танилцуулаач? -Би долоон хүүхэдтэй. Тусдаа гарчихсан. Дор бүрнээ ажил төрлөө хийгээд л явж байна. Долоон хүүхдүүд маань 30 гаруй болоод үржчихсэн. Сайхан халуун дулаан гэр бүл. -Таныг саяхан гэр бүлтэй болсон гэж сонссон. Гэр бүлийн хүнээ танилцуулаач? -Саяхан гэр бүлээ батлуулж, их нууцхан хийсэн байгаа. Энэ гэрлэлтэд хүүхдүүд маань оролцсон. Ах дүү хамаатан садандаа ч хэлээгүй хийсэн дээ. Нэг гэрт хорин жил амьдраад  хорин жилийнхээ ойн дээр гэрлэлтээ батлуулсан. Хань минь хосгүй сайхан хүн л дээ. Надтай тохирохгүй байгаа хүн өөр нэг хүнд тохирдог, үүнтэй адил ханиа олж сонгох, гэрлэлт үүн дээр бат болох ёстой. Бид хоёрын хувьд өдий хорин жил болоход ханьдаа би хуц гэж муу үг хэлж байгаагүй. Ганцхан удаа бид хоёр маргаад би хуц гэж хэлж байсан. Тэр явдал нь их инээдтэй зүйлээс болсон юм л даа. Хоёр талаасаа бие биенээ хүндлээд амьдрахаар болдог л асуудал. Хүн гэрлэхээрээ улам л хайртай болж санах нь хүртэл их болдог юм байна, ажлаасаа тараад шууд гэртээ харина. Хүн ганц олдох насандаа сайхан амьдрах хэрэгтэй. Бид хоёрын баримталдаг нэг зарчим байдаг. Хайртай л юм бол хайртай ханьдаа муу үг хэлэхгүй. Муу үг хэлэхээр сэтгэл сэвтдэг. Миний өдий зэрэгтэй сайн сайхан яваа маань ханьтай минь холбоотой. Бурхан тэнгэртээ би үргэлж залбирдаг. Намайг ийм сайн ханьтай учруулсанд баярлаад дуусашгүй. -Өөрийн тань талаар хэвлэлд гарсан зүйлүүдэд хэр эмзэглэдэг вэ? -Сайн муугаараа хэлэгдэж л байсан.Тэр болгонд эмзэглээд байдаггүй. Гэхдээ сонинд гарсан материалыг хүмүүс уншаад л өнгөрдөг бол сүүлийн үед сайтын мэдээний доор сэтгэгдэл үлдээж байгаа хүмүүс хүнийг хамгийн муухайгаар доромжилсон зүйлүүд их бичсэн байдаг. Хэн хаанаас бичиж байгааг нь мэдэх боломжгүй болохоор элдвээр биччихсэн байдаг л даа. Их л уйланхай болдог юм байна. Юм л бол уйлчихаад л  ханьдаа загнуулж байдаг. Гэрлэчихээд бөгж солилцох тэр мөчид өөрийн эрхгүй уйлж билээ./инээв/ -Хэр их уурлаж бухимддаг вэ? -Өнөөдрийн энэ нийгэмд бухимдах зүйл бишгүй л гардаг. Гараад л явлаа наад зах нь замын түгжрэл  зэрэг уур хүрмээр зөндөө асуудлууд  байдаг. Тэр болгон дээр уурлаж өөрийгөө стрест оруулаад байвал юу болох вэ дээ. Ганцаараа яриад л стресээ тайлчихдаг юм. Оюутнууд хичээлээ хийхгүй ирнэ, хичээлээ тасална, тэр болгон дээр уур хүрч л байдаг. Их л тайван хүн байсан, гурван жилийн өмнө төгссөн нэг шавь маань таараад та чанга дуугардаг болсон байна шүү гэж хэлж байсан. Гоё дуу дуулах, театр дээрээ очоод л уур бухимдлаа гаргачихдаг. Телевиз үзсэн ч гоё сайхан л зүйлийг үзэх хэрэгтэй. Ер нь стрессийг хүн өөрөө л тайлах нь зөв болов уу. Уурлаж бухимдахгүй хичээх зэргээр олон арга байна. -Их сайхан амттай хоол хийдэг гэж сонсож байлаа. Япон үндэсний хоолоор зочдоо дайлдаг гэж байсан? -Миний хийсэн гурилтай хоолонд гэр бүлийнхэн маань  дуртай. Одоо бэртэйгээ хамт амьдардаг, хоол хийх зав тэр бүр гардаггүй. Бэр маань л хийчихдэг. Харин бэрээ ажилтай үед нь өөрөө хоолоо хийдэг. Гарын хоол хуушуур, байцаатай хуурга  зэрэг хоолнууд байна. Зочиддоо дорно дахины хоолоор мөн итали маягийн салат, шпагетти хийж  дайлдаг. Италид сурч байхдаа итали хоолноос нь хийж сурсан. Япон үндэсний хоолноос бас хийнэ. -Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? -Гэрийнхээ ажлыг хийнэ. Угааж арчих гээд юу мундах вэ. Боломж гарвал унтдаг. Унтаж амрахыг л хичээдэг. Урлагийн хүмүүс сайн унтаж амрах ёстой л доо. Сайхан байхын нууц сайн унтах шүү дээ. Гэхдээ ажлаа алдаад л унтаад бай гэсэн үг биш л дээ. Боломж л гарвал сайн унтаж амрах нь чухал.  -Цэцэг тарьж ургуулах дуртай гэж байсан. Таны хобби юу? -Цэцэг тарих дуртай. Их олон цэцэгтэй. Ажлын өрөөндөө хүртэл цэцэг авчраад тавьчихсан хааяа нэг завсарлагаанаар харж ядаргаагаа тайлдаг. Цэцгээ арчилна. Утсан дээрээ цэцэгнийхээ зургийг авчихсан л явж байна. -Та ээжийгээ мэнд ахуйд нь хэрхэн баярлуулж байсан бэ? -Одоо бодоход хойно сургууль төгсөж ирээд 85 насны ойг нь тэмдэглэж байхад л их баярлаж билээ. Дуучин гэдэг мэргэжилтэй болоод телевизээр дуулахад минь баярладаг байсан байх. Алдар цолонд хүрсэн дуучин болохыг минь харж амжаагүй ч “Миний охин болж дээ” гэдэг байж билээ. Надад учиргүй их баярлалаа гээд байхгүй ч ямар ч эх хүн үр хүүхдээ сайн сайхан явахад баярладаг. Тэр бүгд эх хүний харцанд тодордог юм билээ. Тэгээд ээж минь баяртай байгаа юм байна даа гэж дотроо боддог байсан. Миний ээж энгийн сайхан хүн байсан.Өөрөө ээж болж байж эх хүнийг илүү сайн мэдэрдэг юм байна. -Дэлхийн олон сонгодог дуурийг дуулахаас эхлээд дуучид шантрах зүйл бишгүй байдаг гэдэг. Та шантарч байсан уу? -Шантарч байсангүй. Харин олон тоглолт давхцсан үед жаахан ядрах гээд байдаг. -Дуучин болчихлоо гэж өөрийгөө тоож байв уу? -Анх сургуулиа төгсөөд дипломоо аваад би дипломтой дуучин болчихлоо гэж бодсон. Ер нь дуучин хүн өөртөө ханадаггүй. Дуучин хүн үргэлж л эрэл хайгуул хийж явдаг. Гэхдээ би мэргэжлийн дуучин. Ямар ч дууг дуулахад цээжинд багтдаг юм. -Дэлхийд алдартай ямар ямар тайзан дээр дуулж байв. Тайзан дээр байхад юу бодогддог вэ? -Нью-Йоркийн Карнегийн тайзнаас эхлээд хэд хэдэн тайзанд гарсан шүү. Сүүлд Хятад, Италийн том театруудад дуулж байлаа. Ихэвчлэн эх орноо сурталчлах арга хэмжээнд оролцдог. Тэнд бол дуурийн театр, А.Долгор гэж ярихгүй. Монгол Улс гэж ярьдаг болохоор өндөр хариуцлага юм даа. Э.Сувд Гэрэл зургийг Б.Батжаргал      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ