Хэсгийн тоглолтууд өндөрлөх цаг ирлээ

img

Өнөө шөнө Англи-Укриан, Франц-Шведийн тоглолт болсноор хэсгийн тоглолтууд өндөрлөж шөвгийн найман багийн нэрс ил болно. Харин өнгөрсөн шөнө С хэсгийн тоглолтууд болж ёстой л болох юм болдгоороо боллоо гэж хэлэхээр үр дүн гарсан билээ. Хэсгийг Хорват болон дэлхийн аварга Испанийн шигшээд тэргүүлж байсан. Харин Польшийн Гданьск хотын Арена цэнгэлдэхэд ”Ялагдашгүй Армада” Хорватын найдлагыг үгүй хийснээр Кассано, Балотелли нарын гоолоор Ирландыг ялж байсан Италид хэсгээсээ шалгарах боломжийг олгосон. Нэг ёсондоо Ирландыг ялах нь тодорхой байсан Италийг унагаж хэсгээс гарахын тулд Хорватын залууст испаничуудыг хожих шаардлага тулгараад байсан юм. Гэвч тэнцээгээр өндөрлөх шахсан тоглолтыг сэлгээгээр орж ирсэн Ийсус Навас  88 дахь минутад хийсэн гоолоороо өөрчилсөн. Ингэснээр Испани 7 оноотой, Итали 5 оноотой шөвгийн наймд шалгаран үлдэж байгаа бол Хорватчууд 4 оноотой, Ирланд нэг ч оноогүйгээр Европын аваргыг орхиж байна. Ийнхүү С хэсэгт болох юм болдгоороо болж дэлхийн аваргууд зиндаагаа харууллаа. Одоо Итали, Испанийн шигшээ D хэсгээс шалгарч үлдэх хоёр багийг угтан тулалдах учиртай. Өчигдрийн тоглолтыг ингээд орхиж А, болон В хэсгийн сүүлийн тоглолтуудыг нэхэн сануулая. А хэсгээс ихээхэн өнгөтэй байсан ОХУ-ын шигшээ Грекчүүдэд 1:0-ээр хожигдсоноор дуулиантайгаар “Евро-2012”-ыг орхилоо. Оросуудад эхний тоглолтдоо бут ниргүүлсэн Чехийн шигшээ сүүлийн тоглолтууддаа гялалзаж Грек, Польшийг буулгаж авснаар хэсгээсээ нэгээр шалгарч байгаа нь тэр. Харин ОХУ, Грекийн шигшээ нэг тэнцээ, нэг хожилтойгоор тус тус 4 оноотой боловч хоорондын тоглолтод хожсон гэдэг утгаараа Грекчүүд тэмцээнийг цаашид үргэлжлүүлэхээр боллоо. Чех, Грекийн шигшээгийн хувьд ийнхүү хэсгийн тоглолтоо дуусгаад үхлийн хэмээгдэх В хэсгийн тоглолтыг хүлээх нь тэр. Харин маргааш нь болсон тоглолтууд бас л шуугиан дэгдээсэн. Дэлхийн аваргын мөнгөн медальт Голландын хүчирхэг шигшээ “Евро-2012”-т түрүүлэх багуудын тоонд зүй ёсоор бичигдэж байсан нь саяхан. Гэсэн хэдий ч бөмбөг бөөрөнхий гэдгийг энэ цаг үедээ шилдгүүд болсон гайхалтай довтлогч нараар багаа бүрдүүлсэн улбар шарууд үзүүллээ. Хэсгийн сүүлчийн тоглолтдоо хангалтгүй байж Португалийн шигшээд ялагдсанаар нэр төрийн хоёрхон гоолтой Европын аваргыг өндөрлүүллээ. Харин маш чухал тоглолтод Криштиан Рональдугийн дублиэр хожил авсан Португалийн шигшээ хэсгээсээ хоёроор шөвгийн наймд үлдлээ. Германы хувьд “Евро-2012”-ын 16 шигшээгээс нэг ч хожигдол, тэнцэлгүй 100 хувийн амжилт үзүүлсэн ганц багаар тодорч байна. Ингээд шөвгийн наймд А хэсгээс нэгээр гарсан Чехийн шигшээ, В хэсгээс хоёроор гарсан Португалийн шигшээтэй, А хэсгийн хоёроор гарсан Грекийн шигшээ В хэсгийн нэгээр үлдсэн Германы шигшээтэй тус тус тоглохоор учраа таарлаа. Өнөө шөнө болох хоёр тоглолтоор “Евро-2012”-ын хэсгийн тоглолтууд өндөрлөнө. Дахин сануулахад Англи-Укриан, Франц-Швед. Хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтод Англичууд Дэнни Уэлбекийн гайхалтай гоолоор Шведийг 3:2-оор буулган авснаар Францчуудтай хамт хэсэгтээ 4 оноотой бичигдэж байгаа. Францын шигшээгийн хувьд Александр Шевченко тэргүүтэй Укрианы шигшээг төвөггүйхэн буулгаж авсан. Златан Ибрагимовичоор удирдуулсан Шведийн шигшээгээс бусад нь хэсгээсээ шалгарах магадлал буй. Аль хожсон нь хэсгээсээ гарах учраас Укриан-Английн тоглолт нэн өрсөлдөөнтэй явагдах нь лавтай. Тэдэнд тэнцээ хэрэггүй аль нэг нь заавал хожих ёстой. Тэгж байж Францын шигшээ Шведүүдэд хожигдсон нөхцөлд хэсгээсээ нэгээр гарах боломжийг ч атгаж мэднэ. Укрианы хувьд нутагтаа зохион байгуулж буй энэ алтан мөчийг алдахгүйг хичээж хожихын тулд бүх хүчээ шавхах нь тодорхой. Англичуудын хувьд ч Уэйн Рүүнигээ энэ тоглолтод гаргах учраас хожихын төлөө, бүр цаашлаад хэсгээсээ нэгээр гарч Испанийн амнаас зайлахын төлөө тоглох нь лавтай. Английн шигшээд бусад орны шигшээгээс илүү саад болдог нэг хүчин зүйл бий гэх. Тэр нь өөрийн орных нь хэвлэлүүд. Яг өнөөдрийн “үхэх сэхэх”-ээ үзэх чухал тоглолтын өмнө мөнөөх “заналт дайсан” нь шаргуу ажиллаж эхэлжээ. Жишээ нь “Уэйн Рүүни энэ тоглолтод гарснаар Английн шигшээгийн “Евро-2012”-т гаргаж буй амжилт бол шинэ үеийнхнийх. Тэд шинэ шигшээгийн тоглолт үзүүлж буй. Тиймээс Рүүни талбайд гарснаар өнгөрсөн 10 жилийнх шигш азгүйтэл дүүрэн Английн шигшээ эргэн ирэх болно” гэх. Эсрэгээрээ Уэйн Рүүни энэ тоглолтод гарах учир энэ тоглолтод манай шигшээ заавал ялна гэх мэтчилэнгийн шигшээ багийн хөлдбөмбөгчдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх, талцуулах шар мэдээллүүд Их Британийн хэвлэлүүдээр зогсоо зайгүй гарах болжээ. Английн хөлбөмбөгийн холбооноос үүнд ихээхэн эмзэглэж хэвлэлүүдэд хандан шигшээ багийнханд сөргөөр нөлөөлөхүйц янз бүрийн шар мэдээллүүдийг тэмцээн дуустал гаргахгүй байхыг хүсжээ. Укрианы хэвлэлүүд ч өрсөлдөгчийнхөө сул талыг олж харан английн хэвлэлүүд дээр гарч буй материалуудыг орчуулж тавьж байгаа гэнэ. Иймэрхүү зүйлс Гурван арслангийн залууст сөргөөр нөлөөлөхгүй бол тэд Гурван өнгөтнүүдтэйгээ хэсгээсээ шалгарах магадлал өндөр. Англи, Францын шигшээ нэг, хоёроор гарснаасаа шалтгаалаад Испани, Италитай таарна л гэсэн үг. Хэрэв байдал ингэж эргэвэл хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид бид Европын хөлбөмбөгийн хүчирхэг гүрнүүдийн халз тулгаралтыг шөвгийн наймд харах болно. О.Нар [caption id="attachment_113599" align="alignnone" width="600" caption="Испанийн шигшээ"][/caption] [caption id="attachment_113600" align="alignnone" width="600" caption="Италийн шигшээ"][/caption] [caption id="attachment_113601" align="alignnone" width="600" caption="Чехийн шигшээ"][/caption] [caption id="attachment_113602" align="alignnone" width="600" caption="Грекийн шигшээ"][/caption] [caption id="attachment_113603" align="alignnone" width="600" caption="Германы шигшээ"][/caption] [caption id="attachment_113606" align="alignnone" width="600" caption="Португалийн шигшээ"][/caption] [caption id="attachment_113607" align="alignnone" width="600" caption="Английн шигшээ"][/caption] [caption id="attachment_113608" align="alignnone" width="600" caption="Францын шигшээ"][/caption]    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ