
Мьянмарын сөрөг хүчний удирдагч Аун Сан Сү Ки ард түмнээ зөв чигт удирдан залах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Өнгөрсөн орой Сү Ки BBC-гийн оройн ярилцлагад орсон юм.
Их Британи дахь айлчлалын эхний өдрөө тэрбээр BBC-гийн Дэлхийн мэдээний тасагт зочилж, Лондоны Эдийн засгийн сургуульд мэтгэлцээнд оролцсон байна.
1988 оноос хойш анх удаа хилийн чанадад айлчилж байгаа тэрбээр хоёр долоо хоногийн хугацаатай европоор аялал хийж байгаа.
Цэргийн эрх мэдэлтнүүд олон жил төрийн эрхийг гартаа атгасан Мьянмарын улсад тэрбээр парламентад сөрөг хүчнийг толгойлон ялсан бөгөөд АНУ тэргүүтэй барууны гүрнүүд түүнийг ардчилсан өөрчлөлт хийх гэж байна хэмээн ихэд дэмжлэг үзүүлж байгаа юм. BBC агентлаг хатагтай Сү Китэй Мьянмарын үндэсний зөрчил, улс төрийн шинэчлэл болон гадаадын хөрөнгө оруулалтын талаар өргөн хүрээг хамарсан ярилцлага хийжээ.
Тэрбээр Мьянмарт хөрөнгө оруулж буй гадаадын компаниудад хандан “ардчилал, хүний эрхэд ээлтэй байдлаар ажиллахгүй бол нийтэд ил зарлах болно” хэмээн анхааруулжээ.
Мөн Мьянмарт ардчилсан шинэчлэл хийхэд “бид гадны тусламжинд хэтэрхий найдах биш өөрсдийнхөө нөөц бололцоонд түшиглэх” хэрэгтэйг хэллээ.
2015 онд болох сонгуулиар ард түмнээ удирдах хүсэлтэй эсэхийг нь асуухад “Хэрвээ би ард түмнээ зөв чигт нь залж чадахаар бол, тийм ээ хүсч байна” гэж хариулсан юм.
Ц. Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ