Үерийн улмаас есөн айл орох оронгүй болжээ

img

Улаанбаатар хотод өчигдөр орсон дуу цахилгаантай, аадар борооны үеэр  Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үер буусан.Үүний улмаас Баянзүрх дүүргийн “Бага Дарь-Эх”-ийн 21 дүгээр гудамжны 1489 тоотод оршин суугч Б.Гандалай /28 настай, эрэгтэй/, Б.Ганцэцэг /5 настай, эмэгтэй/ нар үерийн усанд урсаж байсныг иргэд аварч Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Тухайн дүүргүүдэд нийт есөн айл орох оронгүй болж, 25 айлын гэр усанд автаж, 15 айлын хашаа нурж эвдэрсэн байна. Мөн зургаан автомашин усанд хөвсөн зэрэг дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газар,  дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн удирдлагууд ажиллажээ. Улмаар дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс болон холбогдох мэргэжлийн байгууллагууд үерт автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, гэр хорооллын айл өрхийн жорлон, бохирын цооногийг соруулах, хуримтлагдсан лаг шавар, хогийг цэвэрлэх, үерийн хамгаалалтын далан, суваг шуудууг цэвэрлэх, нурж, эвдэрсэн хашааг сэргээн босгох, хөрсөнд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ. Түүнчлэн дүүргүүдийн Онцгой комисс шуурхай хуралдан орон гэргүй болсон айлуудад гэр олгох ажлыг шийдвэрлэж байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ