Үржилд орж байгаа хэвэндээ чулуужсан яст мэлхийнүүд

img

Эрдэмтдийн үзэж байгаагаар яст мэлхийнүүд үржилд орж байхдаа алагдаж, тэр хэвэндээ чулуужсан байна. Германы Дармштадт хотод байдаг, олдворуудаараа алдартай Мессель хэмээх газраас 47 сая жилийн настай амьтдын олдвор олдлоо. Тэдгээр нь эрэгтэй эмэгтэй хос яст мэлхий байсан аж. Эрэгчин нь сүүлээ хосынхоо сүүлний доогуур оруулсан байсныг үржлийн байрлал гэж үзэж байгаа юм. Тэр үед байсан нуурын гадаргуу дээр амьтад үржилд орж байгаад, галт уулын хий усыг хордуулахад доод давхарга руу живсэн гэж судлаачид бодож байгаа аж. “Бид иймэрхүү үзэгдлийг зүүн африкийн галт уулын нууруудаас харж болно. Хэдэн зуун жил тутамд эдгээр нуурууд нүүрс төрөгчийн давхар ислээр дэлбэрдэг. Яг л оргилуун дарс онгойж байгаа мэт. Ингэхдээ орчин тойрны зүйлсээ хордуулдаг” хэмээн Тюбингений Их сургуулийн багш Валтер Жоис хэллээ. Эдгээр яст мэлхийг мөхсөн Аллеокелис крассескулптагийн төрөл гэж үзэж байна. Энэ нь 20 см урттай, эмэгчин нь эрэгчнээсээ биеэр арай том төрөл юм. Одоо үлдсэн хамгийн ойрын төрөл нь Австрали болон Шинэ Гвинейд тааралддаг гахайн хамарт яст мэлхий байж болзошгүй.   Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ