Жулиан Ассанж Эквадор улсаас орогнол хүслээ

img

Эквадорын Гадаад хэргийн сайдын мэдэгдсэнээр Викиликс сайтын үндэслэгч гэдгээрээ алдартай Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын Элчин сайдын газраас улс төрийн орогнол хүссэн байна. Гадаад хэргийн сайд Рикардо Патино хэлэхдээ “Эквадор улс хүсэлтийг  авч хэлэлцэж байгаа” гэнэ. Ассанжийг хүчингийн хэрэгт буруутгагдаж байгаа ба Швед рүү шилжүүлэх шийдвэрийг давж заалдах хүсэлтийг нь шүүгч хэрэгсэхгүй болгосон билээ. Тэрбээр гэмт хэрэгтэн шилжүүлэх асуудлын талаар Европын хүний эрхийн хороонд хандах эрхтэй ч, энэ хүсэлтээ энэ сарын 28-ны дотор гаргахгүй бол түүнийг Швед рүү шилжүүлэх юм. Шведийн прокурорууд түүнийг 2010 онд Викиликс сайтынхаа ажилтан байсан хоёр эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийллийн хэргээр байцаах юм. Гэхдээ одоохондоо ямар нэг ял тулгаагүй байна. Харин ноён Ассанж сексийг хоёр тал харилцан тохиролцсон байсан гэж мэдүүлж байгаа аж. “Ноён Ассанжийн асуудлыг шалгаж байх зуур түүнийг Эквадорын Засгийн газрын хамгаалалтанд буюу Элчин сайдын яамны байранд байлгах болно” хэмээн Эквадорын Элчин сайдын яамнаас мэдэгдэл хийсэн байна. Мөн орогнол хүссэн хүсэлтийг авч хэлэлцэнэ гэсэн нь тус улс Их Британи болон Шведийн шүүхийн үйл ажиллагаанд саад болох ямар ч зорилго агуулаагүйг нэмж тодруулсан юм. “Миний хүсэлтийг авч хэлэлцэх гэж байгаад Эквадорын бүрэн эрхт Элчин сайд болон Засгийн газарт талархаж байна” хэмээн Ассанж өгүүлжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ