
Япон улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон ноён Такинори Шимизү өнөөдөр Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт бараалхлаа. Тэргүүн шадар сайд Такинори Шимизүд Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж ажилд нь амжилт хүсэхийн зэрэгцээ өмнө нь элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байсан монголын талаар мэдлэг, туршлага арвинтай хүн элчин сайдаар томилогдож байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд улам түлхэц болох нь дамжиггүй хэмээн үзэж байгаагаа цохон тэмдэглэлээ. Ноён элчин сайд Тэргүүн шадар сайдтай хамтран ажиллахад таатай байгаагаа мэдэгдэн хүлээж авч уулзсанд талархал илэрхийлээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрийн зүгээс бүхий л мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно хэмээн мэдэгдсэн. Тэрээр мөн Тэргүүн шадар сайдыг Таван толгойн ажлын хэсгийн ахлагчаар ажилладагийн хувьд Таван толгойгоос Японы баг хасагдсан эсэх талаар энэ үеэр лавласан юм. Н.Алтанхуяг сайд элчин сайдын асуултанд хариу өгөхдөө “Японы баг хасагдаагүй бөгөөд энэ нь ташаа мэдээлэл байна. Харин Японы баг Орос, Солонгосын багтай хамтарсан консерциум болон оролцсон бөгөөд хувь хэмжээний хувьд ямар оролцоотойг хамтран оролцсон багийнхантайгаа ярьж шийдэх асуудал” хэмээн тайлбар өглөө. Мөн хоёр улсын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаад ноён элчин сайдын оруулсан хувь нэмэр их байгаад талархаж явдаг. Цаашид ч мөн түүнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгийг энэ үеэр цохон тэмдэглэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ