Цагаан захтнууд эрэлтгүй байна

img

XX-р зуунд монголын төр нэгдэлжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлж, ажилчин ангийг бодлогоор дэмжсэн. Ажлыг тав таван жилээр төлөвлөж, төлөвлөгөө давуулан биелүүлсэн ажилчдыг гавшгайч тэмдгээр урамшуулдаг байлаа. Бид бүхний сайн мэдэх “Би чамд хайртай” кинон дээр төгсөөд юу хийх тухайгаа ярилцахдаа ангиараа ажилчин ангийн эгнээнд нэгдэх тухай ярьж байдаг.  Цаг үе уярахын эрхээр дээрээ даргатай, өөртөө чадалтай нь Орос, Герман, Унгар зэрэг улсад суралцдаг байв. Ажил хөдөлмөрт зүрх сэтгэлээ зориулсан нэг нь таван жилийн гавшгайч болохын төлөө зүтгэнэ. Хүн болгон ажилтай, хүүхэд болгон ижил гуталтай л байсан үе. Энэ социализмын  үеийн нийтлэг төрх. Хүн бүр толгойгоо мэдэх, өөрийгөө залах эрх чөлөөг олгосон 1990 оны ардчилсан хувьсгал. Оочер дараалал, өлсгөлөн ядуурал,  тэнэмэл, тавиул хүүхэд, ажилгүй архичин гэсэн тодорхойлолтууд ардчилсан хувьсгалын гавьяаг бүдгэрүүлэн дагана. Хүүхэд бүр цагаан захтан болохыг хүсч, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд хаалгаа барихад хүрсэн. Дээд боловсрол эзэмших хүсэлд хөтлөгдсөн хүүхэд, эцэг эхчүүдийн эрмэлзэл дээр тоглолт хийж, чанаргүй хувийн сургуулиуд олшров. Үр дүн нь чадваргүй боловсон хүчин, дипломтой ажилгүйчүүд. 2007 оноос мэргэжилтэй боловсон хүчин болохоор суралцаж буй оюутнуудыг тэтгэлэгийн бодлогоор дэмжиж, хөдөлмөрийн зах  зээлд хэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн. Барилгын бүтээн байгуулалт ид өрнөсөн, уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж мэргэжлийн боловсон хүчин хэрэгцээтэй байгаа энэ үед мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг төгсөгчид ажлын байрны гачигдалд орохгүй, харин ч эрэлттэй байна. Монгол Улсын хэмжээнд одоогоор 66 мэргэжил сургалтын төв, коллеж дипломын болон мэргэжлийн үнэмлэх олгох сургалт явуулж байна. Үүнээс нийслэлд 28, төвийн орон нутгийн хэмжээнд 10, баруун бүсд 9, зүүн бүсийн нутгуудаар 4, хангайн бүсээр 8, говийн бүсээр 6 гэсэн үзүүлэлттэйгээр сургалт явагдаж байна. Эдгээр сургалтын төвүүд тогооч нарийн боовчин, барилгын засал чимэглэлчин, сантехникч, гагнуурчин, цахилгаанчин зэрэг нийтлэг мэргэжлээр сургалт явуулж байна. Мөн уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаагаас үүдэн нарийн мэргэжлийн  буюу хүнд машин механизмийн засварчин, операторчин, машинист чиглэлийн сургалт өргөжиж байна. Уул уурхайн компанид удирдлага, менежментийн ажил хийдэг цагаан захтнуудаас илүү үйлдвэрлэл явуулахад гар бие оролцдог нарийн мэргэжлийн ажилчин эрэлттэй байна. Жишээ дурьдахад Оюу толгой компани нийт ажилчдынхаа 90 хувийг монгол ажилчдаар бүрдүүлэхээр зорьж байгаа бөгөөд 2012 онд 1600 ажлын байр бий болгосон.Монгол улсын иргэний цалингийн доод хэмжээ 144.400 төгрөг байдаг бол уул уурхайн ажилчдын цалингийн доод хэмжээ 800.000 төгрөгөөс эхэлдэг. Оюу толгой компанид уурхайн машин барьдаг эмэгтэй сард гурван сая төгрөгийн цалин авдаг тухай ерөнхий сайд бахархан ярьж байсныг санаж байна. Үүнээс үзвэл эрэлтгүй дээд боловсрол эзэмшиж, дипломтой ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэж байхаар мэргэжлийн үнэмлэхтэй ажилтай, орлоготой амьдарсан нь хувь илүү  гэх дүр зураг харагдаж байна. Ажилчин ангийн эгнээнд багтдаг болсоноор хүнээс  илүү амьдарна уу гэхээс дутуу явахгүй цаг үе иржээ. Б.Гоомарал    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ