Далай лам Хунтайж Чарльз, Аун Сан Сү Ки нартай уулзжээ

img

Далай лам Мьянмарын сөрөг хүчний удирдагч Аун Сан Сү Китэй  мягмар гаригт Лондон хотноо 30 минут хувийн уулзалт хийжээ. Далай лам түүний эр зоригийг биширдэг бөгөөд, хүн төрөлхтөнд томоохон хувь нэмэр үзүүлэх хүн гэдэгт итгэдгээ хэлжээ. Уулзалт Сү Кигийн 67 насны төрсөн өдөртэй давхцсан байна. Лхагва гаригийн орой Түвдийн шашны тэргүүн Далай лам Британийн дээдсүүдтэй хийсэн албан бус уулзалтын үеэрээ Хунтайж Чарльзд хүндэтгэл үзүүлсэн байна. Далай лам Хунтайж Чарльз болон гэргий Камиллатай тэдний Лондон дахь эдлэн Кларенсын харшид уулзжээ. Дотор уулзалтынхаа дараа гурвуулаа гарч цэцэрлэгээр зугаалан инээлдэцгээж, Далай лам 2008 онд зочилохдоо тарьсан замбага цэцгийн модыг сонирхсон байна. Далай лам тус харшид ажилладаг 80 орчим ажилчидтай ч мөн уулзжээ. Уулзалтын туршид Далай лам болон Хунтайж Чарльз нар найрсаг харилцаагаа илэрхийлж зэрэгцэн алхжээ. Далай лам Хунтайж Чарльзийг өөрийн сайн найз гээд “Анхнаасаа би энэ эрхмийг их сайхан хүн гэж мэдэрсэн” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан юм. Явахын өмнө тэрбээр Чарльз болон Камилла нарын духанд хүрч, гүнгийн авхай Камилла түүнд бяцхан бэлэг гардуулсан байна. “Хувийн уулзалт” байсан учир уулзалтын талаар мэдэгдэл хийхгүй гэж Кларенс харшаас мэдэгдсэн юм. Далай лам Их Британид буддын номлолоо дэлгэрүүлэхээр арав хоногийн айлчлалыг хийж байгаа аж. Хунтайж Чарльз болон Далай ламын 2008 оны сүүлийн уулзалтын дараа, 2009 онд Хунтайж  Чарльз БНХАУ-н дарга Ху Жин Таотай хийсэн уулзалтын үеэрээ Төвдийн асуудлыг хөндсөн юм.                                       Ц.Мишээл      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ