
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр 15.00цагаас болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 356 дугаар зүйлийн 356.1-д заасны дагуу цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын журмаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр гомдол, эсэргүүцэл гарсныг харгалзахгүйгээр заавал хянан хэлэлцдэг билээ. Үүний дагуу А.Баянмөнх, Ш.Адилбек, К.Ерлан, Ж.Ганибет, Г.Бямбадорж нарын цаазын ялыг хэлэлцэх аж.
А.Баянмөнх нь өнгөрсөн оны долдугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хүйтний Хонхорхойн адаг гэх газарт өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар иргэн М, С нарын амийг хөнөөж, нэг нас есөн сартай Х-г алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн. Харин Ш.Адилбек, К.Ерлан, Ж.Ганибет нар нь үгсэн тохиролцож, 2011 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт иргэн Х, Б нарт ноолуур өгнө гэж дуудаж аваачиж, онц харгис хэрцгийгээр хөнөөжээ.
Мөн Х, Б нарын цогцсыг, “УАЗ- 31514” маркийн машин, дотор нь байсан ноолуур, бэлэн мөнгө зэргийн хамт шатааж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан аж. Харин Г.Бямбадорж нь эмээгийнхээ амь насыг хөнөөсөн хэрэг үйлдсэн билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ