
Хавайн арлууд нь үндсэн найман арлаас бүрддэг билээ. Нэрлэвэл Хавай, Кауаи, Кахоолаве, Ланаи, Мауи, Молокаи, Ниихау, Оаху нар юм. Тэгвэл Ланаи арлыг компьютер технологийн томоохон корпораци болох “Oracle”-ийн захирал,тэрбумтан Ларри Эллисон худалдан авсан байна.
Хавайн Захирагчийн хэлж байгаагаар Ларри Ланаи арлын 98 хувийг авсан аж. Дуулиант наймааны үнийн санал тодорхой бус байгаа ч, нэрлэсэн үнэ нь 500-600 сая ам.доллар байсан гэнэ.
365 км.кв талбайтай тус арлыг тэрбумтан Девид Мурдок эзэмшдэг юм.
“Ханборгоцойн арал” нэрээрээ алдартай Хавайн хамгийн жижиг арал нь 3200 оршин суугчидтай. Одоогоор хэд хэдэн тансаг зэрэглэлийн амралтын газруудтай.
Өмнө нь ханборгоцойн ургацаараа алдартай байсан бол сүүлийн арван жилүүдэд жуулчлал гол бизнес нь болсон юм.
Ноён Мурдок 1985 оноос хойш Castle & Cooke хувийн компаниар дамжуулан уг арлыг эзэмшиж байгаа аж.
Хавайн захирагч Нейл Аберкромби лхагва гаригт хэлэхдээ “Миний ойлгож байгаагаар ноён Эллисон Ланаи арлыг удаан хугацааны туршид сонирхож байсан. Тэрбээр эрүүл мэндийн судалгаа болон боловсролын салбарт оруулсан хувь нэмрээрээ танигдсан бизнесмен хүн. Бид түүнийг халуун дотноор хүлээн авна” гэсэн юм.
Oracle корпорацийг үндэслэгчдийн нэг Эллисон нь 36 тэрбум ам.долларын хөрөнгөөр Форбс сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян эрхмүүдийн зургаад жагссан байна.
Castle & Cooke компани нь уг арлын ууган ажил олгогч бөгөөд зочид буудал, гольфийн талбай, усан байгууламж болон өөр олон бизнесийг Ланаи арал дээр эрхэлдэг юм. Гэхдээ эдгээрээс жил бүр 40 сая ам.долларыг алдагдал хүлээдэг гэнэ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ