"Миний дэлгүүр"-үүд шалгалтад бүдрэв

img

"Сонгинохангай” ХХК-ийн "Миний дэлгүүр" сүлжээний салбаруудын үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Уг шалгалтад “Түгээлтийн нэгдсэн төв”, сүлжээ дэлгүүр 17, нийт 18 цэг, салбар хамрагдсан байна.  Шалгалтаар дараахь зөрчлүүд давтан илэрчээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт байрлах 355, 372, 373, Сүхбаатар дүүрэгт байрлах 330 дугаар салбаруудад хүнсний чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалж байсан байна. Мөн Сонгинохайрхан дүүрэг дэх Түгээлтийн нэгдсэн төв, 112, 113 салбар дэлгүүрийн 20 цэгээс арчдас шинжилгээ авч НМХГ-ын төв лабораторид шинжлүүлэхэд 70 хувь нянгийн бохирдолтой байсан зөрчил илэрчээ. Түүнчлэн  Чингэлтэй дүүрэгт байрлах 366 дэлгүүрийн тоног төхөөрөмжүүдийн цэвэрлэгээ, ариутгал  зохих журмын дагуу хийгдээгүй, туслах өрөөгүй, худалдааны танхимд бараа өрж хураасан, бүтээгдэхүүний 20 хувь нь баталгаажилтгүй хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг агуулахад тусад нь хадгалж, борлуулахыг хориглосон тэмдэглэгээ хийж хэвшээгүй байсан нь тогтоогджээ. Тиймээс албан шаардлага биелүүлээгүй  Баянзүрх дүүргийн 106, Чингэлтэй дүүргийн 366, Сүхбаатар дүүргийн 330 сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгсөн байна. Албан шаардлагаар өгсөн үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй найман аж ахуйн нэгж, салбарт шийтгэвэр ногдуулан барагдуулж, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, устгах, үнэлэх орон тооны бус зөвлөл”-д шилжүүлжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ