Газар шилгээхэд толгой сэгсэрч суухгүй юмсан

img

Хэдэн өдрийн өмнөх түр зуурын бороонд Улаанбаатарт үерийн далангийн амсар дээр буусан зарим айл орох орон, оочих аргагүй болов. Тэднийг “нүү” гэж улиг болтол шаардаад тусыг эс олсон нь ийнхүү гарзын үүдийг нээжээ. Үүний дэргэд газар хөдөлбөл ямар гамшиг дагуулахыг тааж баршгүй. Бөөр бөөрөө дэрлэсэн барилгуудын дундуур машин байтугай явган хүн багтах зайгүй шахам. Амь өрссөн цагт амиа бодсон хүн, машины овоо босох биз. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг аюулын өмнө бидэнд аваарын гарц байна уу? Өнгөрсөн онд Японы Фүкүшимад болсон асар хүчтэй газар хөдлөлт, түүний улмаас үүссэн есөн метрийн өндөртэй цунами дэлхий дахиныг цочролд оруулсан. Атомын цахилгаан станцын цөмийн реактор хяналтаас гарч, их хэмжээний цацраг идэвхт бодис тархлаа. Нүдэнд үл үзэгдэх үргэлжийн энэ аюулын дэргэд 35 тэрбум ам.долларын хохирол юу ч биш. Ази тивийн цээжинд амар тайван амьдарч, хар салхи, цунами, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтийн аль алинаас ангид байсан монголчууд “сүх далайтал үхэр амгалан” гэгчээр зуун зууныг элээжээ. Гэсэн ч Монгол Улс Байгаль нуураас урагш Газрын дундад тэнгисээс зүүн тийш Япон хүртэлх Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг. Манайд газар хөдлөлтийн гурван том голомт байна. Тэдгээрт Булган аймгийн Могод сум, Дундговийн Дэрэн, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр бүхлээрээ багтдаг. 1903-1967 оны хооронд Монголд дэлхийд бүртгэлтэй таван удаагийн хүчтэй газар хөдлөлт болсон ч хүн амын нягтрал бага, хот суурин цөөн байснаас гавьтай гарз хохирол амссангүй. Харин сүүлийн жилүүдэд газар шилгээх нь цөөнгүй болов. 2011 оны сүүлчээр ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыль, манай хойд хил орчмоор рихтерийн шаталбараар 9,5 баллын хүчтэй газар хөдөлсний доргилт Улаанбаатарт 6,7 баллаар мэдрэгдсэн. Нийслэлээс 900 километрийн зайд асар олон давталттай хөдөлснийг Одон орон, геофизик судалгааны төвөөс мэдээлсэн билээ. Хэдийгээр Баян-Өлгийд айлын байшингийн цонх хагараад өнгөрсөн ч 8-9 баллын хүчтэй газар хөдлөлт бол байгалийн аюултай үзэгдэл гэдгийг тус төвийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Сэлэнгэ сэрэмжлүүлж байсан. Зөвхөн өнгөрсөн жил Өмнөговийн Ханхонгор, Ховдын Булган, Увсын Давст, Баянхонгорын Баянцагаан суманд 5,01-5,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Хүн амын тал хувь нь шавсан, байшин барилгууд нь бөөр бөөрөө дэрлэн шавааралдсан Улаанбаатар хотын орчимд 2004-2010 онд 500 гаруй, түүнээс хойш 600 гаруй удаа 3,5 магнитудаас дээш буюу хүнд мэдрэгдэм чичирхийлэлт бүртгэгдсэн байна. Ер нь газар хөдлөлтийн нөлөөгөөр Улаанбаатарыг тойрсон урт, богино 11 хагарал үүсч, тэдгээр нь баруунаас зүүн, урдаас хойш чиглэлд, зарим нь бүр 20-30 метр газрын гүнд гарсан байна. 1970-2009 оны хооронд нийслэл орчмын бүс нутагт 2420 удаа газар хөдөлж, зөвхөн сүүлийн зургаан жилд 1350 орчим болж илт ихэсчээ. Хүчний хувьд магнитуд нь О,5-4,2 байгаа нь урьд урьдынхаас нэмэгдсэн байна. Гэтэл 1970 оноос өмнө хотод баригдсан барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүй, сүүлийн үеийн байшингууд бүр ялимгүй чичирхийлэлд өртөж байгаа нь аюулын харанга дэлдэхэд хүргэв. Хоёр жилийн өмнөх байдлаар нийтийн орон сууцны 2264 барилгын 1897 нь тэсвэргүй, 263 нь аюултай, 104 нь дахин судалгаа хийх шаардлагатайд тооцогдож байлаа. Манай улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтаж, нийслэлд ойр ойрхон хүчтэй газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсээр байхад ядаж орон сууцны барилгуудын ихэнх нь аврах гарцгүй, хүн амын дийлэнх нь өөрийгөө ч, өрөөл бусдыг ч хамгаалах нь байтугай амиа хоохойлох наад захын мэдлэг чадваргүй байна. 1994 онд Францын Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн дагуу газар хөдлөлтийн мэдээлэл дамжуулдаг тоон бичлэгтэй орчин үеийн электрон багаж төхөөрөмжөөр  тоноглосон сүлжээ станцыг байгуулж, Улаанбаатар орчимд суурин 15, нүүдлийн есөн станц суурилуулан газар хөдлөлтийн идэвхжлийн байдлыг хянаж байгаа ч хэлж ирдэггүй, хийсч ирдэг энэ аюулыг ямар ч өндөр хөгжилтэй орон сансраас ч, газраас ч, далайгаас ч одоо хэр урьдчилан хэлж мэдэхгүй байна. Гагцхүү дэлхийд газар хөдлөлтийн идэвхжил ихэссэн, 2010-2012 он идэвхжлийн ид үе гэдгийг л газар хөдлөл судлалын мэргэжилтнүүд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр анхааруулж байгаа. Өнгөрсөн онд байгалийн гамшгийн улмаас дэлхийн эдийн засаг 350 тэрбум ам.доллараар хэмжигдэх алдагдал амсаж, даатгалын компаниуд 105 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөө алдсаныг Швейцарийн “Swiss Reinsurance Co” компани тооцоолон гаргасан юм. Хохирлын хэмжээ 2010 онтой харьцуулахад гурав дахин ихэссэний дотор газар хөдлөлтийн гамшиг ихэнх хувийг эзэлжээ. Хаа холд биш, хажууд минь хатавч сахин суугаа аюулын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, парламент, Ерөнхий сайдыг дээвэр дороо багтаасан Төрийн ордны хувь заяа тун хэврэг байна. Уг барилгын суурийг 1947 оны хавар тавьж, дөрвөн жил барьсны эцэст анхны гурван давхар үндсэн барилгыг 1951 оны эцэст Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжавын ахалсан комисс сайн дүнтэйгээр ашиглалтад хүлээн авчээ. Дэлхийн хоёрдугаар дайн дуусаад хоёрхон жилийн нүүр үзэж байсан мөчиг тарчигхан тэр цагт орос архитекторчийн хийсэн зураг төслийн дагуу зөвлөлтийн мэргэжилтнүүдийн шууд удирдлаган дор барьсан барилгын монгол үндэсний хэв маяг бүхий засал чимэглэлийг уран барималч А.Чоймбол гардан гүйцэтгэжээ. Барилгын ажилд анхандаа олзны япончуудыг дайчлан ажиллуулж, Улаанхуаран, Ганцхудаг орчмоос авчирсан шавраар цохьсон тоосгоор барьсан байна. Ийнхүү үндсэн барилгын хойд талд залгасан анхны өргөтгөлийг 1961 онд, хоёр дахийг 1981 онд барилгын цэргүүд нэмж барьснаар одоогийн дөрвөн давхар Төрийн ордон сүндэрлэн боссон юм. 400 гаруй өрөө тасалгаа бүхий энэ ордонд өнөөдөр 700 гаруй төрийн албан хаагч ажилладаг. Дээр нь үйлчилгээ, аж ахуйн ажилчдыг оролцуулбал нийтдээ мянга шахам хүн байдаг. Хамгийн гол нь төрийн гурван өндөрлөг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тэр чигээрээ байрладаг учраас яах аргагүй онцгой чухал обьект мөн. Тиймээс тэдний аюулгүй байдал энэ барилгын чанар чансаанаас нэгэн талаар хамаарна. Харамсалтай нь хагас зуун жилийн нүүр үзэж байгаа саарал ордны барилга цагийн уртад гаднаа гяланцаг ч дотроо паланцаг болсныг нуухын аргагүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан дүгнэлт ч үүнийг гэрчилнэ. Уг нь барилгыг анх найман баллын газар хөдлөлтийг тэсвэрлэхээр тооцоолсон гэх авч үндсэн болон нэгдүгээр өргөтгөлийн хэсгийг барих үед газар хөдлөлтийн бүсэд барилгын зураг төсөл зохиох ажилд мөрдөх дүрэм журам үндсэндээ байсангүй. Иймээс барилгын үндсэн бүтэц, элементүүдийн бат бөх, тогтворт байдлыг газар хөдлөлтийн ачааллын онцгой хослолоор тооцож чадаагүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тэгээд ч эхний өргөтгөлийг ашиглалтад өгснөөс хойш хийгдсэн газар хөдлөлтийн бүсчлэлийн тойм зурагт тусгаснаар тус барилгын талбай нь долоон баллын мужлалд багтдаг. Яг ийм хөрстэй нийслэлийн нэг, аравдугаар хороололд хийсэн наяад оны судалгаагаар газар хөдлөлтийн мужлал нь долоон балл байснаа найм болон нэмэгджээ. Энэ нь харгалзан үзэхээс өөр аргагүй үзүүлэлт. Нөгөөтэйгүүр хөрсний усны төвшин сүүлийн үед ихээхэн дээшилсэн нь газар хөдлөлтийн идэвхийг ихэсгэхэд гол хүчин зүйл болж байна. Жанжин Сүхбаатарын төв талбай орчмын доорхи хөрсний усны түвшин газрын гадаргуугаас доош 1945 онд 7,7 метр байснаа 1979 онд 4,3 болтлоо дээшилж, 2001 онд гурван метр болсон байж. Барилгын зарим хэсгийн зоорь, хонгил зуны цагт байнга усанд автаж, бүр метр илүү төвшинтэй ус тогтож байсны ул мөр одоо ч арилсангүй. Ахмад настнууд яриандаа хотын энэ хэсгээр урсдаг байсан баруун Сэлбийн ус бүрмөсөн татраагүй, Ногоон нуур ч гүйцэд ширгээгүй гэх нь бий. Ер нь аливаа барилгын даацын үндсэн бүтэц болон бусад хэсгүүдийн бат бөх, тогтворт чанарыг ашиглалтын хугацаанд янз бүрийн ачааны үйлчлэлд хэр зэрэг найдвартайгаар нь тогтоодог юм байна. Үүнд барилгын бүтэц хэсгүүдийн жин буюу тогтмол ачаа, тоног төхөөрөмж, хүний жин болох түр ачаанаас гадна салхи, цасны нөлөөллөөс үүсэх ачаа, газар хөдлөлтийн үед үүсэх хэвтээ, босоо чиглэлийн бусад ачааг инженерийн тооцоогоор нарийн тодорхойлдог учиртай. Тэгвэл зөвхөн тоосгоны шахалтын эсэргүүцэл, хүйтэн тэсвэрлэх чанар нь л гэхэд лабораторийн туршилтаар тун ч ядмагхан үзүүлэлттэй гарсан байх юм. Даацын хананы өргөн зарим хэсэгтээ нормоос 55-88 см-ээр нимгэн байгаа нь шуудхан хэлэхэд найман баллын газар хөдлөлтийг тэсвэрлэж чадахгүй гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын чуулганы хуралдааны танхимын тоосгон хана бэхэлгээгүй, шувуу нурууны холбоосонд боолт тавиагүй, модон хучилттай өрөө тасалгааны тааз хотойжээ. Мөн хаалга, цонхны жааз төмөр бетон байх ёстой атал ердийн, дээврийн хучилт, шувуу нуруу, зарим хамар ханыг модоор хийсэн нь нэгдүгээр ангиллын барилгын шаардлагад нийцсэнгүй. Мөн гал унтраах автомат сүлжээ хагас дутуу, гадагш гарах шатны зарим гарц барилгын битүү хэсэг руу харсан нь гал түймэр, газар хөдлөлтийн үед хүмүүсийг шилжүүлэхэд саад болох нь. Дээврийн хөндийд барилгын хог хаягдал багагүй хуримтлагдаж, нэгэнт ашиглахаа больсон гулдмайнууд цөөнгүй буй нь газар хөдлөлтийн үеийн ачаа ихсэхэд нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ. Эцэст нь төр, засгийн тэргүүн нарын аюулгүй байдал хөндлөнгийн халдлагаас төдийгүй орд өргөөний барилгын чанар чансаанаас юун түрүүнд хамаарах нь дамжиггүй. Ерөнхийлөгчийн албан тасалгааны гэрлийн бүрхүүл азаар эзгүйд нь ширээн дээр унаж байсан тохиолдлоос ч сургамж авахад илүүдэхгүй. Төрөө засахын тулд гэрээ засдаг. Гэтэл гэрээ ч засч чадахгүй энэ цаг дор эл сонгуулиар эхэлж  төрөө засаад дараа нь өөрийгөө, өрх гэрээ засах уламжлалаа сөрсөн шинэчлэл хийхээс өөр аргагүй. Төрийн ордон нь хэврэгхэн Монголд газар хөдлөлтийн аюулаас хамгаалах ажил Засгийн газрын цаасан дээрх “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө” төдийхнөөр хумигдаж байна гэхэд хилсдэхгүй. Харин газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Япон, БНСУ, Хятад, Тайваньд байгалийн энэхүү гамшигтай хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлыг төрийн бодлогын төвшинд боловсруулдаг байна. Аль ч улсад гамшиг тохиолдсон үед холбогдох байгууллагуудын шуурхай бэлэн байдал, гамшгийг хор хохирол багатай давах, аюулд өртсөн иргэдийг авран хамгаалах ажил чухал ач холбогдолтой ч болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд барилга байгууламж, бусад обьектод тавигдах чанарын стандарт өндөр, ард иргэдийн дунд гамшгийн талаарх анхан шатны мэдэгдэхүүн сайн байх нь гамшгийг хохирол багатай давах нэг гол нөхцөл болдог байна. Иймээс бидний монголчууд газар шилгээхэд толгой сэгсэрч суухгүй юмсан. Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ