Ачаалал багасгах зам ашиглалтад орлоо

img

Засгийн газраас Улаанбаатар хотын автозамд 2008 оноос хойш онцгойлон анхаарч, Улсын болон нийслэлийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар 42,5 км автозам шинээр барьж, 67,9 км автозамыг өргөтгөн шинэчилж, нийтдээ 110 гаруй км замын барилгын ажил хийж гүйцэтгэжээ. Энэ онд шинээр 144 км замын ажил хийхээр эхлүүлээд байгаа нь өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын нийлбэртэй тэнцэхүйц  ажлыг 2012 онд хийхээр төлөвлөсөн аж. 120 мянгатын аюулгүйн тойргоос зүүн тийш 2 км шинэ зам барьж, төмөр замын гармыг хийж гүйцэтгэснээр аюулгүйн тойрог зүүн талаараа Нарны замтай шууд холбогдлоо. Ингэснээр Энхтайвны гүүр, Замын цагдаагийн газрын өмнөх төмөр замын гармын ачаалал 30 хувь хүртэл буурна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Энэ замыг нээсэнтэй холбогдуулан М:55 буюу “Баянмонгол хороолол-Бага тойруу” гэсэн нийтийн тээврийн  шинэ чиглэлийг өнөөдрөөс иргэдийн үйлчилгээнд явуулж эхэллээ. Ингэснээр Баянзүрх дүүрэгт сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орсон “Баянмонгол”, “Кристал таун”, “Дүнжингарав” зэрэг орон сууцны хорооллын оршин суугч, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хотын төвөөс шууд хүргэх боломж бий болж байна. Энэ үйлчилгээг “Эрдэм транс” компани үзүүлэх бөгөөд 10 минут тутамд нэг  автобус явуулах аж. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ