
Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газартай хамтран
“Гамшиг, онцгой байдлын үеийн эмнэлгийн аюулгүй байдал” сэдэвт үндэсний семинарыг өчигдөр зохион байгуулжээ. Тус семинарын үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн эрүүл мэндийн аюулгүй, онцгой байдлын газрын ажилтан Габит Исмалов, Шинэ Зеланд улсын Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Алестир нар гамшиг, онцгой байдлын үед эрүүл мэндийн барилга, байгууламж, бүтцийн болон үйл ажиллагааны аюулгүй байдлыг хэрхэн үнэлэх, эмнэлгийн найдвартай ажиллагааг хангах талаар хичээл зааж, УКТЭ-т дадлага сургуулилт хийсэн байна.
Дэлхийн улс орнуудад сүүлийн жилүүдэд болсон гамшгууд тухайлбал, хөрш БНХАУ, Гайти, Чили улсад болсон газар хөдлөлтүүд, түүний сургамж, судлаачдын судалгаанаас үзэхэд газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргийлэх, хувь хүн, гэр бүлээс эхлээд байгууллага, хамт олон, улс үндэстний бэлэн байдлыг хангах асуудал нь манай улсын хувьд нэн тэргүүний анхаарах асуудал болоод байгаа юм. Тиймээс газар хөдлөлтийн бэлэн байдлыг хэрхэн хангаснаас учирч болох хохирлын хэмжээ хамаардаг болох нь нотлогджээ.
ДЭМБ-аас эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, эрүүл мэндийн барилга байгууламж нь газар хөдлөлтөнд нурахааргүй бат бөх, эмч, ажиллагсад нь гамшигт сургагдсан байхыг чухалчилж байна.
Энэ дагуу Эрүүл мэндийн яамнаас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарч гамшгийн эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ өчигдрийн семинарын үйл ажиллагаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ