Эрэлттэй хорин мэргэжил

img

Нийгэмд  өөрийн орон зайтай иргэн болохын тулд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, салбартаа мэргэшсэн боловсон хүчин болох нь чухал. Дунд сургууль төгсөгчид бүгд өөрийнхөө хүссэн мэргэжлийг сонгон суралцдаг гэвэл үнэнд нийцэхгүй. Нөлөөлж байгаа хүчин зүйлс нь гэр бүлийнхний зөвлөгөө, хэн нэгэн алдартай хүн шиг болох мөрөөдөлдөө хөтлөгдөх, найз нөхдийнхөө сонирхлыг дагах зэрэг нөлөө орно. Нөгөө талаас хүссэн мэргэжлийнхээ хуваарийг авч чадаагүй учир олдсон  ангийг   сонгож байна. Монгол Улсын хөгжил дэвшилд нэн ач холбогдолтой, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй мэргэжлийг сонгох тухай асуудал саяхнаас анхаарлын төвд орох болов. Мэргэжил гэдэг нэг насны амьдрал учраас нухацтай бодож, улс орныхоо ирээдүйд хэрэгтэй мэргэжилтэн болохыг чухалчлах ёстойг цаг үе харуулж байна. Уул уурхай, барилга, зам тээврийн нарийн мэргэжилтнүүдийг гаднаас өндөр өртгөөр урьж ажиллуулдаг. Харь хүнд өгч болж байгаа тэр их мөнгийг ажилдаа гаршсан, ажлаа чанарын өндөр түвшинд хийдэг монгол ажилтан яагаад авч болохгүй гэж. Зорилготой бөгөөд чадвартай нь сайхан амьдардаг цаг иржээ. Эрэлттэй мэргэжлийг нэрлэхдээ ойрын арван жилийн хэтийн төлөвийг харж гаргасан байна. 2012 оны ерөнхий боловсролын сургууль төгсөгчид эдгээр хорин мэргэжлийн нэгийг сонгож суралцвал сар бүр авах 70 мянган төгрөг дээрээ нэмж 35 мянга буюу нийт 105 мянган төгрөгийг авах аж.  Засгийн газрын зүгээс холбогдох яам, агентлагаараа дамжуулж хийсэн судалгаагаар эрэлт ихтэй хорин мэргэжлийг ийн нэрлэжээ. 1.Авто зам, барилгын инженер 2.Бага ангийн багш 3.Цэцэрлэгийн багш 4.Байгалийн ухааны чиглэлийн багш 5.Геологич 6.Гидрогеологич 7.Тидромеханик инженер 8.Усны нөөц, экологич 9.Уул уурхайн ашиглалтын технологийн мэргэжилтэн 10.Уул уурхайн машин тоног, төхөөрөмжийн ажилтан 11.Малын эмч 12.Мэдээллийн системийн ажилтан 13.Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт чиглэлийн мэргэжилтэн 14.Сантехник, инженерийн байгууламжийн боловсон хүчин 15.Сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн 16.Нано инженерчлэлийн мэргэжилтэн 17.Биотехнологич 18.Цөмийн эрчим хүчний ажилтан 19.Онош зүйч 20.Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал зэрэг салбарын мэргэжил эхний хорьд бичигдлээ. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид эдгээр хорин мэргэжлээс сонгон суралцвал сар бүр авах 70 мянган төгрөг дээрээ нэмж 35 мянган төгрөг авах ба нийт 105 мянган төгрөгийг авах юм. Эрэлттэй мэргэжлээр суралцагсдад төрийн тэтгэлгээс гадна хувийн хэвшлийн томоохон  компаниуд тэтгэмж олгодог. Дээрх жагсаалтаас харвал ирэх жилүүдэд уул уурхай, экологи, эрүүл мэнд, боловсролын салбарын мэргэжилтнүүд эрэлттэй байгаа нь харагдаж байна. Ирээдүйдээ итгэлтэй, эх орондоо иргэн шиг иргэн нь болж, хийсэн ажилтай, гаргасан мөртэй болох боломж оюутан таньд нээлттэй байна. Б.Гоомарал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ