
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдийн тоо болон хятад иргэдтэй холбоотой хэвлэлээр гарч буй мэдээлэлд өнөөдөр тайлбар өглөө. Энэ үеэр тус газрын дарга Д.Мөрөнгөөс дараахь асуултад хариулт авлаа.
-Манай улсад түр хугацаагаар оршин сууж буй гадаадын хэдэн иргэн байна вэ?
-Энэ оны сүүлийн зургаан сарын байдлаар 128 орны 42000 гаруй гадаадын иргэн Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь манай улсын харьяат хүн амын 3 хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэсэн заалт байдаг. Тэгэхээр хуульд зааснаар хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо 84348, түүний дотор нэг улсын иргэн 28116-аас хэтрэхгүй байх гэсэн тоо гарч байгаа юм.
-
Сүүлийн үед сонин хэвлэлээр манай улсад оршин сууж буй өмнөд хөршийн иргэдийн тоо хуульд зааснаас хэтэрсэн гэх мэдээлэл гарч байна. Яг бодит тоог хэлээч?
-Өнөөдрийн байдлаар хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн нийт тоо 42076. Эдгээр иргэнээс хамгийн олонх нь 27496 хятад иргэн манай улсад амьдарч байна. Сонин хэвлэлээр цацагдаад байгаа шиг БНХАУ-ын иргэд хэрээс хэтэрсэн тоогоор монголд амьдарч байна гэр мэдээлэл ташаа болохыг албан ёсоор мэдэгдэе.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт томоохон эдийн засгийн гэмт хэрэгт үйлдсэн гадаадын иргэд хилээр оргон зайлсан тохиолдлууд мэр сэр бий. Тухайлбал Монголбанкнаас их хэмжээний мөнгө залиллахыг оролдсон Жорж Чайлмерс, “Алтан дорнот монгол” компанийн хэрэгт татагдсан С.В. Паушок. Эдгээр хүмүүсийн талаархи нарийвчилсан хувийн мэдээлэл танайд бий юу? Цагдаагийн байгууллагатай хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байна вэ?
-Гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийн хилээр зорчих бичиг баримтыг манай Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар хадгалдаг болсон. Түүнчлэн 26 боомтод 11 алба 8 төлөөлөлтэй ажиллаж байна. Хилийн бүсэд хяналт шалгалтыг тогтмол явуулж байгаа. Хэрэгт сэжиглэгдсэн гадаадын иргэдийн талаар Цагдаагийн байгууллагатай нягт уялдаа холбоотой ажиллаж байна.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын ажиллагаа явуулахыг завдсан тохиолдол байна уу. Өнгөрсөн хугацаанд?
-Тагнуулын ерөнхий газраас Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, завдсан гэсэн үндэслэлээр хоёр хүнийг сэжиглэсэн. Манай байгууллага сэжиглэгдсэн хоёр хүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргасан.
-Аль улсын иргэд вэ?
-Улсын нууцад хамаарах мэдээлэл учраас хариулах боломжгүй.
-
Гадаадын иргэд иргэний үнэмлэх хуурамчаар авч ашигласан гэх мэдээлэл байдаг. Энэ хэр бодит мэдээлэл юм бол ?
-Монгол Улсын иргэний үнэмлэхийг манай Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газраас олгодоггүй. Гадаадын иргэдэд манай улсад оршин суух цахим хэлбэрийн үнэмлэх өгдөг. Энэхүү үнэмлэхийг удаан хугацаагаар оршин сууж буй цагаач, хөрөнгө оруулагч, хөдөлмөр эрхлэгч, суралцагч гэх мэтээр долоон төрлөөр олгож байна.
-Хилээр зорчин ирж буй гадаадын иргэдээс бичиг баримтны зөрчил хэр их илэрдэг вэ?
-Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад нэвтрэх визгүй, ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, бусад шалтгаанаар 30 гаруй орны 1299 гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй буцаасан. Түүнчлэн хөдөө орон нутагт болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад тогтмол шалгалт хийж сүүлийн зургаан сарын байдлаар 813 гадаадын иргэнд захиргааны арга хэмжээ авч, 18 иргэнийг Монгол Улсаас гарахыг түтгэлзүүлж, 224 хүнийг албадан гаргалаа. Оны эхний хагас жилийн байдлаар гадаадын иргэн ажилладаг 390 аж ахуйн нэгж, байгууллагад 103 удаа хяналт шалгалт хийж 1992 иргэний баримт бичгийг шалгаж гарсан зөрчилд 350 сая 800 гаруй мянган төгрөгийн торгууль оногдуулсан. Гадаадын иргэдийг албадан гаргасан байдлыг оноор нь авч үзвэл 2005 онд 1, 2006 онд 2, 2007 онд 1496, 2008 онд 2269, 2009 онд 2575, 2010 онд 1272, 2011 онд 924 хүнийг тус тус гаргасан байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ