
NBA-гийн аваргын төлөөх цуврал тоглолт Майами Хитийн талбай дээр болж Леброн Жеймс тэргүүтэй талбайн эзэд Оклахома Сити Тандерыг 121:106 (31:26, 23:28, 26:36, 35:26)-гийн харьцаагаар буулгаж авснаар хоёр дахь удаагаа аваргаар тодорлоо.
King хочит Леброн Жеймс ийнхүү аваргын цомыг өргөх хамгийн том хүслээ биелүүлснээр “Титэм”-ээ авч байна. Түүнийг өмнө нь титэмгүй хаан гэх яриа ч дагаж байсан.
Энэ цаг мөчид NBA-гийн хамгийн шилдэг тоглогч, шилдэг баг удаан хүлээсэн аварга цолондоо хүрч байгаа нь энэ юм. Цуврал 4:1-ийн харьцаагаар өндөрлөж буй бөгөөд энэхүү сүүлийн тоглолтод Майами Хитийн залуусыг Леброн Жеймс 26 оноо авч тэргүүлсэн бол Крис Бош, Майк Миллер нар энэ удаад үнэхээр гайхалтай байлаа.
Крис Бош 24 оноо+7 самбар, Майк Миллер 23 оноо+5самбар, Дуэйн Уэйд 20 оноо+8самбар+3 оновчтой дамжуулалт тус тус гүйцэтгэсэн байна. Мөн гараанд гарсан Шон Баттиер 11 оноо, Марио Чалмерс 10 оноо тус тус авч багтаа нэмэр болжээ.
Харин Өрнөд бүсийн аварга Оклахома Сити Тандерын зүгээс лидер Кевин Дюрант 32 оноо+11 самбар+3 оновчтой дамжуулалт гүйцэтгэж гайхалтай тоглолт үзүүлсэн ч багийн анд нарынх нь дэмжлэг үгүйлэгдэж байсан юм.
Алдарт Сиэтл Супер Соникс багийн хөрсөн дээр байгуулагдаад удаагүй буй Оклахомагийн багийн хувьд туршлага багатай шинэ залуу тоглогчдын гайхалтай өндөр амжилт хэмээгдэж байгаа.
Сити Тандерын залуус ирэх жилүүдэд NBA-гийн хүчирхэг багуудын тоонд нэгэнт багтаж цоо шинэ өнгө нэмж эхлэх нь энэ.
Сан-Антонио Спэрс, Даллас Маверикс, Лос-Анжелос Лэйкерс зэрэг NBA-гийн алдар цуу ихтэй хүчирхэг багууд бүгд плэйоффд ээлж дараалан Оклахома Сити Тандер багт хүчин мөхөсдсөн нь шинэ цаг үе ирж буйг илтгэж байна.
Дээрх нэр дурдагдсан багууд цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд хойшид бүрэлдэхүүндээ ихээхэн өөрчлөлт оруулах шаардлагатай болсон нь ээлж дараалан залууст ялагдсан нь харууллаа.
Даллас Маверикс өнгөрсөн жил Майами Хитийг хүнд ширүүн тулаанд буулган авч аваргаар тодорч байсан.
Тэгвэл энэ жил плэйоффд чүү ай орж эхний шатанд унаж байна. Дирк Новицки олон ч жил энэ багийн нэр хүндийг өргөж эцэст нь аваргын алдрыг авч өглөө.
Гэхдээ хойшид үеэ элээж яваа Новицки болон бусад хөгшчүүл NBA-д Далласын багийн нэрийг өргөхөөсөө өнгөрчээ.
Сан-Антонио Спэрсийн хувьд ч мөн ялгаагүй.
Шинэ зуун гарснаас хойш Тим Данкан, Ману Жинобили, Тони Паркер нарын үед хүчирхэгжиж түрүүлж, үзүүрлэж байсан ч одоо бас л үеэ өнгөрөөжээ. Эдгээр багуудад шинэ цус хэрэгтэй байна. Лэйкерсийн хувьд Бостонтой хийсэн түүхэн тэмцлийн сүүлийн хувилбар бас л хоёр жилийн өмнө төгсгөл болсон.
Энэ цагийн Бостон-Лейкерсийн өрсөлдөөнд 2009-2010 оны улиралд Лэйкерс аваргалснаар нэг түрүү нэмсэн ч тэдний хувьд өрсөлдөөнөө дахин финалын шатанд үргэлжлүүлэх боломж улам хомсхон боллоо.
Дорнодод Бостон Селтиксийн хуучны их гурвал үнэхээр агуу тоглогчид болохоо харуулж бүсийн аваргын төлөө Майамитай үлдэж хоцорсон ч эцсийн мөчид хүчин мөхөстлөө.
Ингээд харахад NBA-гийн аваргын төлөө зад үзэлцдэг багуудын эгнээ нэгэнт хуучран сульдаж Майамитай өрсөж, тэмцэх баг ховорхон болж буйг энэ улирлын плэйофф харууллаа.
Харин шинэ үеийнхэн тэдэнтэй хойшид өрсөлдөнө гэдгээ үзүүлэв.
Нэг үгээр хэлэхэд NBA-гийн түүхэн хөгжилд нэг үеийг өнгөрөөж цоо шинэ үе эхэлж буйг тунхагласан улирал гэхэд болно.
Энэ зун мөн ч олон домог болсон оддууд зодгоо тайлна даа. Ирэх улиралд шинэ өнгө төрх бүхий олон багийг бид харах болно.
Майами Хитийн хувьд 2006 онд анх удаа түрүүлэхдээ Даллас Маверикстай ширүүн цуврал хийсэн.
Өнгөрсөн жил Далласынхан даагаа нэхэж аваргын цувралд Леброн тэргүүтэй залуусыг гонсойлгож үлдээсэн түүхтэй. Майами-Далласын цуврал тэмцэл ч өнгөрсөн жилээр дууссан бололтой.
Дашрамд дурдахад NBA-д хоёронтаа түрүүлж буй Майами Хит нь 1988 онд байгуулагдаж байв. Энэ багийн түүхийг хэд хэдэн үечлэлээр ангилдаг. 1988-1995 онуудад Майами Хит NBA-гийн цоо шинэ нүүр царай болж, багийнхаа үндэс суурийг тавьсан юм.
Энэ цаг үед домогт Алонзо Морнинг болон Глен Райс, Дэн Марли, Тим Хардуэй, Грант Лонг зэрэг олон залуус тус багийн нүүр царай болж байлаа. Алдар Шакил О Нил ч мөн энэ багийн эгнээнд залуу насаа өнгөрөөсөн.
1995-2001 онууд бол Майами Хитийн дундаж амжилтын жилүүд. Нью-Йорк Никс, Орландо Мэжиктэй хүнд ширүүн цувралуудыг хийж Аланзо Морнингийн цаг үе дуусаж байсан үе.
2001-2003 онуудад Майами плэйоффд ч бараагүй болж уналтад орсон юм.
2003 оноос Морнинг явж, одоог хүртэл Майамигийн нүүр царай болсоор яваа Дуэйн Уэйд тус багт ирснээр бүх зүйл өөр болсон. Ламар Одом ч энэ үед Майамид хүчин зүтгэх боллоо. Ингэснээр плэйоффт эргэн ирж бүсээсээ дөрөвдүгээр байраар шалгарсан хэдий ч Индиана Пэйсерст хоёрдугаар шатанд 4:2-оор ялагдаж байв.
2003-2004 оны улирлыг тус багийн дахин сэргэлтийн цаг мөч гэдэг.
2004-2007 онуудад Шак тус багт ирж улмаар Уэйд-Шакын хослолын үе хэмээгдэх болсон. 2004-05 оны улирлын плэйоффт тэд гайхамшигтай байж бүсийн аваргын төлөө Детройттой тулсан юм. Энэ цувралд ялагдсан ч тэд бусад багуудыг айлгасан хүчирхэг бүрэлдэхүүнтэй болсноо зарласан. Дараа жил нь тэд амжилтаа ахиулж анх удаагаа аваргын цомыг өргөсөн. Майамиг анх удаа аварга болгосон “хэргийн эзэд” хэн болохыг та бүхэн мэдэж авлаа. Тэгвэл дараа жил нь плэйоффын эхний шатанд 4:0-ээр Чикаго буллз-д ялагдсан нь тэдний хувьд гутамшиг байлаа.
2007-2010 он өөрчлөлтийн он жилүүд гэгддэг. Энэ жилүүдэд Майами плэйоффын эхний шатнаас цааш хэтэрсэн түүх байхгүй. Ингээд 2010 оноос өнөөг хүртэлх үе эхэлсэн. Алдарт Леброн Жеймс Кливлендийн эгнээнд ганцаардаж, бүтэлгүйтсэн мөч.
Тэрбээр хамгийн том хүсэл мөрөөдөл болгох аварга цолонд нь хүргэх баг хайж байлаа. Түүний хүслийг мэдэрсэн Майамигийн эзэд Леброныг багтаа дуудсанаар Дуэйн Уэйд, Крис Бош нар нэгдэж шинэ үеийн их гурвал хэмээн шуугиан дэгдээж эхэлсэн.
Гэвч тэдэнд аварга болох хувь эхний улиралдаа дутсан.
Аваргын төлөө Далласт ялагдсаныг та бүхэн саяхан мэт санаж байгаа.
Харин энэ жил тэднийг зогсоох хүч үнэхээр арга байлаа. Ингээд ”Хаан” жинхэнэ ёсоор хаан болох цаг иржээ. Өнөөдөр Америкийн хэвлэлүүдийн эхний хуудсанд Леброны зурагтай “King” хэмээх нийтлэлүүд гарсаар байна.
Майами Хитийн эгнээнд тоглож байсан бүх тоглогчид, тэдний эгнээнээс төрөн гарсан алдартнууд өнөөдөр баярлаж байгаа.
Майамигийн фэнүүдийн удаан хүлээсэн мөч ирж баярлаж байгаа.
Би ч бас. Монгол дахь Майамигийн бүх фэнүүдэд баяр хүргэе.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ