Майкл Фелпс Лондоны олимпд түрүүлэх боломжтой
Алдарт усанд сэлэгч Майкл Фелпс Лондоны олимпоос арван медаль ч хүртэж магадгүй тухай мэдээлэл тарж эхэллээ. Ирэх долоо хоногт Омаха хотод болох АНУ-ын олимпийн багийг сонгон шалгаруулах сорилгод тэрээр долоон зайд уралдах болсонтой холбогдон уг яриа гарсан байна. Фелпс тус тэмцээний 200 м, 400 м-ийн холимог сэлэлт, 100 м, 200 м-ийн дельфин сэлэлт, 100 м, 200 м-ийн өврөөр даллах сэлэлт, 200 м-ийн араар даллах төрөлд өрсөлдөх ажээ.Хэрвээ Фелпс эдгээр долоон зай төрөлдөө Лондоны олимпийн эрх авч чадвал олимпод буухианы гурван уралдаанд ч АНУ-ын багт хурд сорих боломжтой билээ. Түүнд сорилго уралдаан хүндхэн байх нь тодорхой гэнэ. Учир нь дөрвөн жилийн өмнө Фелпстэй эн тэнцүү өрсөлдөх усчин АНУ-д байтугай дэлхийн хэмжээнд ч байгаагүй бол одоо тэр зөвхөн 100м, 200 м-ийн дельфин сэлэлтээр л баталгаатай түрүүлж байна. Бусад сэлэлтэд тэрээр Райан Лохте, Тайлер Клэри, Натан Адриан нарын ард, дэд болон гуравдахь чансаатай явна. АНУ-ын дотоодын сорилгоос зай бүрийн эхний хоёр байрт шалгарч байж Лондоны усан замд өрсөлдөх эрхээ биелүүлэх учиртай юм.
Афины олимпоос зургаа,Бээжингийн олимпоос найман алтан медаль зүүж нийт 14 алтан медалиар дээд амжилт үзүүлсэн 27 настай Фелпсийн хувьд Лондоны олимп хүндхэн болж магадгүй. Учир нь Фелпс Бээжингийн олимпоос хойш хэдэн жил бэлтгэл сургуулилтаа багасгаж, цөөхөн зайд хурд сорьдог болоод байгаа. 2012 он гарснаас хойш өөрийн дээд амжилтууд руу дөхөж очоогүй яваа ч улирлын гол уралдаанд өөрийгөө нөөж, бэлтгэлээ чамбайруулж байж болох талтай.
Түүний гол өрсөлдөгч Райан Лохте АНУ-ын сорилго тэмцээний 11 зайд уралдахаар мэдүүлгээ өгсөн боловч үүнээс 5-6-д нь л эрх авах магадлал бий. Харин эмэгтэйчүүдэд 17 настай шинэ од Мисси Франклин, олимпийн ахмад аварга Натали Кафлин нар тус бүр таван зайд өрсөлдөхөөр бэлтгэж байна. 45 настай Дара Торрес бүсгүй зургаадахь олимпдоо оролцох хүслээр зөвхөн 50 м-ийн чөлөөт сэлэлтэд хурд сорих юм.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ