
Богд Хан уулын өвөрт орших Манзуширын хийд нь 300 гаруй жилийн түүхтэй. Зун, намрын аль ч цагт аялагч, жуулчлагчдын хөл хөдөлгөөн тус хийдээс тасрахаа больжээ. Тиймээс Манзуширын хийдийн өнөөгийн төрхийг хэвээр нь хадгалж, хамгаалах сэргээн засварлах ажил нэн тэргүүнд тавигдах болсон.
Олон зуун жилийн түүхтэй тус хийдийн туурь, байгууламж нь байгалийн аясаар элэгдэж, зарим хэсэг нь нурах болсон байна. Тухайлбал, Манзушир хийдийн Очирваань чулуун хадан сийлбэр унасан байсныг нийслэлийн Аялал жуулчлалын газраас өөрийн хүч, хөрөнгөөр хуучин байдалд нь оруулж, сэргээх ажлыг хийжээ.
Очирваань сийлбэрт чулуун хад нь Манзушир хийдээс дээш 500 метр газарт байрладаг бөгөөд нийт жин нь 12 тонн. Чулуун сийлбэрт хадыг босгохын тулд доор нь байсан найман тонн жинтэй чулууг хагалж зайлуулах шаардлага гарч, өрөмдөх, хөрөөдөх, техникээр татан зайлуулах ажлыг нийт гурван хоногт багтаан хийсэн аж. Мөн Манзушир хийд орчны хогийг цэвэрлэж, хашаа хорооны нурсан чулууг өржээ. Ингэснээр жуулчлалын улиралд тус хийдийн Очирваань чулуун хадан сийлбэр байгалийн унаган төрхдөө орж, хийд ч уншлага номоо хурах бүрэн боломжтой болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ