Германчууд 4:2-оор Грекийг бут ниргэж хагас шигшээд үлдлээ
Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд хамгийн өндөр амжилт буюу гурван удаа түрүүлж чадсан Германы шигшээ баг өнгөрсөн шөнө шөвгийн наймд учраа таарсан Грекийн шигшээ багтай тоглож 4:2-ын харьцаагаар буулгаж авлаа.
Польшийн Гданьск хотын Арена Гданьск цэнгэлдэхэд болсон уг тоглолтод "Евро-2012" эхэлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд болсон бүх тоглолтуудаас хамгийн олон буюу 6 гоол орсон юм.
Германы шигшээ өнгөтэй байна. Тэд гурван удаа түрүүлсэн рекордоо дөрөв болгохоор 2004 оны аварга грекчүүдийг хожиж ахин нэг алхам ойртлоо.
Тоглолтын гоолыг нээж Германы шигшээгийн багийн ахлагч Филипп Лаам 39 дэх минутад өрсөлдөгчийнхөө хаалганд гоолдсон.
Гэвч грекчүүд бууж өгөх болоогүй гэдгээ үзүүлж хоёрдугаар үе эхэлснээс хойш 55 дахь минутад Жиоржис Самарас тооны харьцааг 1:1 болгосон юм.
Үүнээс хойш германчууд Грекийн шигшээгийн хаалгыг шуурган довтолгоонуудаараа бөмбөгдсөөр 61 дэх минутад Реал Мадридын тоглогч, хагас хамгаалагч Семи Хедира, 68 дахь минутад Лацио клубын тоглогч германы шигшээгийн бүх цаг үеийн мэргэн буучийн рекордыг эвдэхэд тун ойрхон яваа довтлогч Мриослов Клозе, 74 дэх минутад залуу довтлогч Марко Риус нар тус тус гоолдсоноор тооны харьцаа 4:1 боллоо.
Ингээд үндсэн цаг дуусаж, нэмэлт цагт Грекийн шигшээгийн Салпингидис "Евро-2012"-т оруулж буй хоёр дахь гоолоо Германы хаалганд хийснээр тоглолт өндөрлөсөн юм.
Ийнхүү 2004 оны аварга грекчүүд нутаг буцахаар болж харин хүчирхэг, өнгөлөг байгаа германчууд хагас шигшээд шалгаран үлдлээ.
Одоо германчууд Итали-Английн шигшээгийн аль хожсонтой хагас шигшээд тулгарна.
Итали ч бай Англи ч бай аль нь ч ширүүхэн өрсөлдөгчид.
Тэдний хувьд ч Германы машин аймшигтай харагдаж буй нь лавтай.
Тиймээс хагас шигшээд бид ойрд харахгүй хөлбөмбөгийн гайхамшгийг үзэх нь ээ.
О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ