Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

img

Монгол Улс 1991 онд Азийн хөгжлийн банкны гишүүн болсноос хойш нийгэм, эдийн засаг, эрчим хүч, дэд бүтцийн салбаруудад хамтран ажиллаж олон тооны төсөл хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлж байна. Мөн Япон Улсын Засгийн газраас Ядуурлыг бууруулах Японы сангийн шугамаар Азийн хөгжлийн банктай хамтран манай улсад 2011 оны эцсийн байдлаар нийт 26,3 сая ам.долларын хөрөнгө бүхий 12 төслийг хэрэгжүүлээд байгаа аж. Ядуурлыг бууруулах Японы сан нь Монгол Улсын нийгмийн хөгжил тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбар болон хөдөө аж ахуй, малчин өрхийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, малчин өрхүүдийн амьжиргааг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Уур амьсгалд зохицсон хөдөөгийн амьжиргаа” төслийг хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд Д.Хаянхярваа, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберт Шоэллхаммер, нар гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол дахь Япон Улсын элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Хиромичи Мияашита оролцсон. Энэхүү “Уур амьсгалд зохицсон хөдөөгийн амьжиргаа төсөл”-ийг Ядуурлыг бууруулах Японы сангийн хөрөнгөөр Өвөрхангай аймгийн 10 сумдад амжилттай хэрэгжиж дууссан “Ядуу малчин өрхүүдэд зориулж уст цэг ба нэвтрүүлэх төв байгуулах төсөл”-ийн туршлага дээр суурилж Баянхонгор аймгийн Бууцагаан, Заг, Хүрээмарал сумдад 2012 оноос эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Төслийг ХХААХҮЯ болон АХБ-ны 2011 онд ирсэн ажлын хэсгийн тооцоо, судалгаан дээр үндэслэн Баянхонгор аймгийн дээрх гурван сумд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд төслийн зорилго нь дээрх гурван сумд бэлчээрийн менежмент, уст цэгийн менежмент, малын өвс, тэжээл болон өвөлжөөний бэлтгэлийг сайжруулах замаар малчдын тогтвортой амьжиргааг бий болгох юм. Түүнчлэн малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тэдгээрийн хөдөө аж ахуйн талаарх мэдлэг, чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ, сургалтуудыг зохион байгуулж, санхүүгийн туслалцаа үзүүлэн орлогын эх үүсвэртэй болох үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж өгөх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ