Олимпийн наадамд оролцох тамирчдадаа хүндэтгэл үзүүллээ

img

Манай улс "Монголын тамирчдын өдөр"-ийг жил бүр тэмдэглэдэг. Энэхүү өдөр өнөөдөр тохиож байна. "Монголын тамирчдын өдөр"-тэй давхцан  бас нэгэн баярт үйл явдал болсон нь "Лондон-2012" зуны ХХХ олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ байлаа. Уг арга хэмжээ 10.00 цагт тамирчид Спортын төв ордноос жагсаалаар явж Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирснээр эхэлсэн юм. Улмаар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, дараа нь Чингис хааны хөшөөний өмнөх талбайд тусгайлан зассан индэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, "Лондон-2012" олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон БТСГ, МҮОХ, спорт холбоодын удирдах ажилтнууд хүрэлцэн ирсэн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж индэрт гарч нийт баг, тамирчдад хандан үг хэлж, амжилт хүссэн юм. Энэ үеэр  Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Монгол Улсын төрийн далбааг Ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч, Шадар сайд М.Энхболдод гардуулан өгсөн бол Шадар сайд  тугийг Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одод хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. МУГТ Б.Сэр-Од Лондонгийн олимпийн эрхийг манай тамирчдаас  хамгийн түрүүнд  авсан учраас олимпийн тугч болох эрхэм хүндтэй үүргийг хүлээж байгаа юм. ХХХ олимпийн наадамд оролцох тамирчдыг төлөөлөн Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, гавьяат тамирчин М.Бундмаа нар тангараг өргөсөн. Энэ үеэр Лондонг зорих гэж буй тамирчдын сэтгэгдлийг сонслоо.                           Марафон гүйлтийн тамирчин МУГТ Б.Сэр-Од -Лондонгийн олимпд оролцох монголын багийн  тугчаар томилогдсонд баяр хүргэе. Энэ бол нэр хүндийн асуудал юм? -Сэтгэл маш их хөдөлж байна. Өнөөдөр тамирчдын баярын өдөр. Мөн зуны олимпд Монголын баг тамирчид оролцохоор явж байгаад баяртай байна. Лондонгийн олимпд оролцох тамирчид дундаас Монгол Улсын тугийг барьж, жагсах хүндтэй үүргийг энэ өдөр хүлээж авсандаа баяртай байна. -Бэлтгэл сургуулилтаа  хэр хангасан бэ? -Сайн хангасан гэж бодож байгаа. Нийт тамирчдадаа амжилт хүсээд "Бид чадна" гэж хэлмээр байна. Монголын ард түмнийхээ итгэл сэтгэлийг хөсөрдүүлэхгүй амжилттай оролцож, улсынхаа  нэрийг өндөрт гаргана  гэдгээ амлаж байна. -Эхний ээлжийн тамирчид Лондон руу хэзээ явах вэ? -Долдугаар сарын 3-нд эхний ээлжийн тамирчид Лондон руу явна.                            "Хүч" хорооны тамирчин, МУГТ, цагдаагийн ахлах дэслэгч М.Бундмаа -Тамирчдын баярын мэнд хүргэе? -Баярлалаа. Юуны өмнө Монголын нийт тамирчдадаа баярын мэнд хүргэе. Монголын баг тамирчдыг үдэн гаргаж өгч байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн Олимпийн хороо, Биеийн тамир спортын газрын хамт олондоо баярлалаа. Итгэлийг тань алдахгүй гэдгээ энэ дашрамд дуулгая. -Лондонгийн олимп эхлэхэд 32 хоног үлдлээ. Бэлтгэл сургуулилтаа хэр хангасан бэ? -Манай жүдогийн баг Нүхтэд 50-иад хоног бэлтгэлээ хийсэн. Бэлтгэл сайн хангагдсан. Ирэх сарын 20-нд Лондон руу явна.                          МУГТ Ц.Шаравжамц -Тамирчдын өдрын баярын мэнд хүргэе. Өнөөдөр Лондонгийн олимпид явах тамирчдаа үдэх ёслол болж байна. Энэ талаархи сэтгэгдлээсээ хуваалцаач? -Юуны өмнө Монгол Улсынхаа  үе, үеийн тамирчдад баярын мэнд хүргэе. Өнөөдөр олимпд оролцох эрхээ авсан тамирчдаа үдэх арга хэмжээ сайхан боллоо. Монгол түмэн дотроо залбирч байгаа байх. Олимп эхлэхэд 32 хоног үлдсэн байна. Ард түмнийхээ итгэлийг даагаад тамирчид сайхан амжилт гаргаад ирэх болтугай гэсэн ерөөлийг тавьж байна. үүлийн үед таны хувьд ямар ажил хийж байна вэ? -Чингэлтэй дүүргийн биеийн тамирын спортын хорооны даргаар сүүлийн нэг жилийн хугацаанд ажиллаа. Спортыг дүүрэгтээ хөгжүүлэх нэлээд олон ажлыг хийлээ. - 2012 оны Лондонгийн олимпид оролцох Монголын баг тамирчдын өнгийг тодорхойлж хэлвэл? -Амжилттай оролцох байх гэдэгт итгэлтэй байна. Монголчууд эртнээс таамаглаж ярьдаггүй  ард түмэн. Тэр үеийн тэнгэр л мэдэх байх. Эх орон, Монгол Улсынхаа нэрийг гаргаасай, бүгд амжилттай оролцоод ирээрэй гэж нийт тамирчдадаа хүсье. Э.Сувд Гэрэл зургийг Б.Батжаргал  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ