
Эдийн засгийн томоохон хэрэгт холбогдсон “Транс” банкны гүйцэтгэх захирал асан С.В.Новожиловт холбогдох хэргийн тов хоёр жилийн өмнө Чингэлтэй дүүргийн шүүхэд гарсан ч тэрбээр шүүх ажиллагаанаас оргон зайлсан юм. Манай хууль хяналтынхан оргосон этгээдийг эрэн сурвалжлах ажлыг сар гаруй хийсний эцэст Монгол улсын нутаг дэвсгэрээс зугтсан болохыг тогтоосон билээ
Уг этгээдийн хэргийг хянаж, яллах дүгнэлт үйлдэж байсан нийслэлийн Прокурор Г.Мижиддорж тухайн үед хэлэхдээ “ Нийслэлийн Прокурорын газарт Хил хамгаалах ерөнхий газар болон түүний харьяа хилийн боомтууд, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба, Улсын мөрдөн байцаах газар зэрэг холбогдох байгууллагууд сар гаруй хугацаанд шалгалт хийж түүнийг улсын хилээр оргон зайлсан гэх үндэслэлгүй гэж үзсэн” гэх тайлбарыг сэтгүүлчдэд өгч байсан. Гэвч уг этгээд аль эрт монголын хилийн дээсийг алхаж сураг тасарсан.
Харин хууль хяналтынхан түүнийг Монгол улсын нутаг дэвсгэрийн аль нэг хязгаарт орогнож буй хэмээн эрэн сурвалжилсан ч нэгэнт оройтсон байв.
Одоогоос дөрвөн жилийн өмнө банкны захирлын алба хашиж байхдаа монголчуудын хадгалуулсан 400 сая төгрөгийг ямар ч барьцаа хөрөнгөгүй нутгийн найзууддаа зээлүүлсэн гэх хэрэгт холбогдсон.Түүний хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан илрүүлэн шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд зааснаар 150.3, 156 дугаар зүйлийн 156.3-рт зааснаар ял төлөвлөж прокурорт шилжүүлсэн байдаг. Уг зүйл ангиар С.В.Новожиловыг ялласан бол шүүх бүрэлдэхүүн 5-10 жилийн хорих ял оноох байв.
Түүнд нийслэлийн Прокуророос төлөвлөсөн ялын зүйлчлэлийг тодруулбал “Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, бусдын хөрөнгийг завшиж үрэгдүүлснээс бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэдгээр буруутгаж өнгөрсөн сард Чингэлтэй дүүргийн шүүх хянан хэлэлцэж олон хүнд хохирол учруулсан гэх хэргээр “дээлийн нь нөмөргөж” болох байсан юм. Харамсалтай нь манайхан яллагдагч этгээдийг алдчихсан.
Шүүх ажиллагаанаас хэзээ оргосон, шүүх хурлын товыг тэр мэдсэн эсэх нь тодорхойгүй. Уг хэрэгт өмгөөлөл явуулахаар тогтсон өмгөөлөгч ч энэ талаар мэдэх зүйлгүй хэмээсэн. Яллагдагчийг шүүх ажиллагаанаас алдсан нь хэрэг шийдэхдээ яст мэлхийн хурдаар ажилдгийн тод жишээ энэ. Эл хэргийг Чингэлтэй дүүргийн шүүгч уншсаар байтал гэмт этгээд аль эрт “нуувчин”-даа орж сураг тасрав.
Манай шат шатны хуулийнхан болсон хойно сэжигтнүүдэд ял завших боломж олгодог жишгээр энэ хэрэг прокурор дээр зусч шүүх дээр намаржсаны эцэст ийн хэргийн эзэн ичээндээ орсноор нийслэлийн Прокурорын газарт эзэн холбогдогчгүй хэргийн тоо нэгээр нэмэгдсэн юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ