
Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа “Лалын ахан дүүс” намын Мухаммед Мурси үндэсний эв нэгдлийг уриаллаа.
Анхны ардчилсан замаар сонгогдсон египетийн удирдагч хэлэхдээ "Бүх египетчүүдийн ерөнхийлөгч байх болно" гэлээ.
Тэрбээр 51,73 хувийн саналаар хуучин ерөнхий сайд Ахмед Шафикыг ялан гарч ирсэн юм.
Дэлхийн удирдагчид Мурсид баяр хүргэж байна. Цагаан ордноос Египетийг “Бүс нутгийн энхтайвны тулгуур” хэмээн тодорхойлсон юм.
Сонгуулийн ялагчийг зарлахад Тахрирын талбайд чих тавин хүлээн суусан Лалын ахан дүүс, намын хэдэн арван мянган дэмжигч баяр хөөрт автжээ.
“Цэргийн дэглэм сөнөтүгэй” хэмээн хашгирах баярласан олны дуу галын наадамтай зэрэгцэн байлаа. Баяр хөөр шөнөжин үргэлжилсэн юм.
Зурагтаар хандан хэлсэн үгэндээ Мурси “Өнгөрсөн жил ерөнхийлөгч Хосни Мубаракыг эсэргүүцсэн тэмцэлд амь насаа алдагсдад хүндэтгэл үзүүлье. Тэд байгаагүй бол би өнөөдөр сонгогдохгүй байлаа. Хувьсгал өрнөсөөр байх болно, бүх хувьсгалчдын зорилго биелтэл бид хамтдаа жагсана. Ард түмэн хангалттай удаан тэвчээр гаргалаа. Агуу египетийн ард түмэн, би та бүхнийг үндэсний эв нэгдлээ бэхжүүлэхийг уриалж байна” гэсэн байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ