
Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас иргэд амь насаа алдах явдал гарсаар байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын VI багийн нутаг, Бөхмөрөн голын усанд энэ сарын 22-ны өдөр хоёр настай Х унаж, осолджээ. Үүний дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн бүлэг цогцсыг эрэн хайж байна.
Мөн Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг, “Баян бор нуруу”, “Хонгорын гол” гэдэг газруудаар өнгөрсөн бямба гаригт хүчтэй аадар бороо орсны улмаас “УАЗ-469” маркийн автомашинтай зорчиж явсан дөрвөн хүн үерийн усанд урсаж, 40 настай М, найман настай О нар осолдож, нас барсан байна. Түүнчлэн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын төвд үер бууж, автомашинтай явж байсан хоёр хүн амиа алджээ. Энэ мэт үеэр усны аюулаас болж иргэд амь насаа алдсаар байгаа тул Улсын Онцгой комиссоос дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол, ус руу явуулахгүй байх. Уул, уурхайд ашиглаж байгаа хиймэл нуур, тогтоол усны ойролцоо анхааруулах тэмдэг, хаалт, хамгаалалт хийх, далан, суваг, шуудуу татах, сэргээх арга хэмжээ авах, албан байгууллага, шатахуун түгээх станцын аянга зайлуулагчийн ажиллагааг холбогдох мэргэжлийн байгууллагууд тогтмол шалгахыг анхаарууллаа. Мөн хамт олон, найз нөхдөөрөө аялал зугаалгаар явахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ