Г.Ганбат: Бидний эх орон уу, мөнгөтэй харийнхны эх орон уу

img

   Миний дээр төр, төрийн дээр хөх мөнх тэнгэр оршдог   /Эзэн богд Чингис хаан/

Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалах, өв соёл уламжлалаа сурталчлах дэлгэрүүлэхийн тулд “Даяар Монгол” хэмээх ТББ үйл ажилагаагаа явуулдаг билээ. Мөн тэд гадаадын харьяалалтай иргэд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага, Монгол Улсын хууль дүрмийг дагаж мөрдөх, Монгол Улсын  иргэний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчихгүй байх, зөрчсөн тохиолдолд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран шийдвэрлэх зорилготой.  Тус ТББ-ын дэд тэргүүн Г.Ганбаттай монгол хүний үнэ цэнэ, эх түүх, өв уламжлалын тухай ярилцлаа.

 

-Сайн байна уу? Хамгийн сүүлд 16 настай хүүг хятад иргэн зодож ийн хөлийг нь хугалсан ноцтой хэрэг гарсан. Энэ асуудалд танай байгууллагын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан байх аа. Бид Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 33 тоосгоны үйлдвэрийн хөдөлмөр хамгааллын байдалтай танилцах гэж очсон. Тэнд Монгол хүний эрх зөрчигдөж байна уу? Хэрэв зөрчигдөж байвал төрийн байгууллагууд хэрхэн анхаарч байгаа нь мэдэх ёстой асуудал. Тэр үйлдвэрүүдийн 30 нь хятад эзэнтэй. Бүгд хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулинд насанд хүрсэн хүмүүс өдөрт 8 цаг, 16-гаас дээш насны хүүхэд 6 цаг ажиллана гэж заасан байдаг. Тэнд бол байдал эсрэгээрээ. Өглөө 07.00 цагаас эхлээд орой 21.00 цагт ажил тарах нь хэвийн үзэгдэл болсон байна лээ. Илүү цагийн хөлс гэсэн ойлголт байдаггүй. Нэг жилийн өмнө тоосго 90 төгрөгөөр зарагддаг байхад авдаг байсан цалин нь энэ жил 210-260 төгрөгөөр зарагддаг болоход яг л хэвээрээ байна. Тэр тоосгоны үйлдвэрүүдэд монгол хүн өдрийн 12 цаг амралтгүй ажиллаад сард хамгийн ихдээ 300.000 төгрөг авч байна. Хоол хүнс, хөдөлмөр хамгааллын асуудал сөхөөд ч хэрэггүй. Үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг юм билээ.

-Хөлөө хугалуулсан хүүгийн асуудлаар тэнд очоогүй юм уу?

-Манай байгууллага хүчирхийллийн байгууллага биш. Тэнд ажилладаг монгол ажилчдын байдал үнэхээр нүд хальтрам, сэтгэл өвдөм байсан. Тэгээд дарга нар болон хятад ажилчидтай нь уулзаж, монгол ажилчдын энэ асуудлыг хамтдаа сууж байгаад шийдвэрлье гэсэн хүсэлт тавьсан. Биднийг очиход хятад ажилчид нь хаана ч юм бэ нуугдсан байсан. Тэнд яг хөлөө хугалуулаад, үймээн болсныг би нүдээрээ хараагүй ээ. Тийм үйл явдал болох нь болсон юм билээ. Манай зарим гишүүд бол харсан.

-Монгол хүний эрх зөрчигдөж байгаа мэдээлэл ихэнх нь хятадуудтай холбоотой байна уу?

-Монголд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдээс хамгийн их нь хятад. Тэд барилга болон уул уурхайн ажил хийх гэж ирдэг. Эх орондоо амьдрах чадваргүй болсон хамгийн бүдүүлэг харанхуй хэсгээ Монгол руу ажиллах хүчин нэрийдлээр явуулдаг тухай бид бүгд л мэднэ шүүдээ. Хятаддаа шаарлагдсан хамгийн мунхаг хүмүүс ирээд эх орондоо амьдарч байгаа монгол хүний эрхийг зөрчинө гэдэг байж болох зүйл үү. Бид болохгүй гэж хэлдэг. Зөрчүүлэхгүйн тулд явдаг.  Ихэнх нь хятад, гэхдээ хятадаар ч зогсохгүй ээ. Солонгос, америк гээд л гадны иргэд Монгол Улсын нутаг дэвсгэрт монгол хүний үнэ цэнийг гутаан доромжилсоор л байна.

-Монгол хүний үнэ цэнийг хэн алдагдуулаад байгаа юм бэ?

 -Бид өөрсдөө. Өөрийгөө  хүндлэхгүй байгаа хүнийг хэн хүндлэх юм. Эрх чөлөөгөө зөрчүүлж, доромжлуулчихаад хэдэн төгрөг аваад л гомдолгүй гэдэг иргэд байна. Хэдхэн төгрөгийн төлөө монгол эмэгтэйн ариун нэрийг гутааж, өврөө нээдэг эмэгтэйчүүд ч байна. Өөрсдийнхөө тэнгэр заяаг мэддэг, өөрийгөө баялаг гэж боддог хүн хэзээ ч тийм сул дорой байхгүй шүү дээ.  Мөн иргэдээ хүндлэхгүй байгаа төрийг хэн хүндлэх юм. Монголд ажлын байр байхгүй гэдэг бил үү. Байна, байхын дээдээр  байна. Нэг орж ирэхдээ л вагон дүүрэн хятад иргэд орж ирдэг нь нээлттэй болсон. Гэтэл Монгол Улс эсрэгээрээ хамгийн эрүүл саруул, боловсролтой, ид хийж бүтээх насан дээрээ байгаа иргэдээ харь орон руу боол болгон илгээж байна. Энэ бол эмгэнэл. Төр засаг битгий хэл иргэн бүрийн санаа тавих асуудал.

-Гадны хүчин зүйлээс хамааралгүй гэж үү?

-Бурууг бусдаас эрэх хэрэггүй. Монгол хүний үнэ цэнийг бид л өөрсдөө алдагдуулж байна. Жишээ дурьдахад барилга дээр ажиллаж байгаа хятад хүний өдрийн цалин 100,000 төгрөг байхад, монгол хүний хөлс 16 мянгаар л хэмжигдэж байна. Оюутолгойд ажиллаж байгаа монгол ажилчны авдаг цалингаас гадаадын ажилчид багаар бодоход гурав дахин илүү цалин авч байна. Ийм жишиг зөвхөн Монголд л байна. Гадаадаас хямд ажлын хүчин авдаг болохоос өөрсдөөсөө илүү гаргаж тахин шүтэх гэж авдаггүй юм. Монгол бидний эх орон юм уу? Мөнгөтэй харийнхны эх орон юм уу гэдэг нь ойлгогдохоо байлаа.

-Эх орондоо эзэн шиг нь амьдрахын тулд яах хэрэгтэй вэ?

-Нэгэн үзэл бодол, нэгэн санаа зорилго, хаана байсан, хаашаа явах зэргээ мэдэж нэгдэх л хэрэгтэй байна. Өвөг дээдсийнхээ түүхээс суралцвал, өв соёлоо дээдэлбэл алтнаас илүү баялагтай болно. Сэтгэлгээний баялагтай хүн амьдралд эерэгээр хандаж, үргэлж үнэ цэнээ мэдэрч чаддаг юм. Ерөөс монгол хүний хийдэг үйлдэл, ёс заншил болгон утга учиртай. Жишээ нь  эрэгтэй хүн сууж бие засдаг байсан нь түрүү булчирхайн өвчин үүсгэдэггүй байлаа. Мөн юмыг халуунаар нь барьж иддэг байсан нь голын хий үүсэхээс сэргийлдэг байсан юм гэх мэтчилэн яриад л байвал дуусахгүй. Өвөг дээдсийн минь ухаан агуу.

-Зарим хүн өнгөрснийг харах биш, зөвхөн ирээдүй рүү сохроор тэмүүлдэг юм шиг санагддаг уу?

-Хүн яаж амьдрах нь өөрийнх нь эрх чөлөө. Гэхдээ эрх гэдэг ойлголтыг ямар өнцгөөс нь харж байна вэ гэдэг чухал. Монгол хүн эрх гэж орилохоосоо илүү үүргээ ухамсарладаг байх хэрэгтэй. Үүргийнхээ дагуу хийх ёстойгоо хийсэн хүн эрх чөлөөтэй л гэсэн үг. Өөрийнхөө үнэ цэнийг бодит байдлаар хэмжих хэрэгтэй. Бодлын хоосон үнэ цэнэ нэг хоромд нуран унана. Өөрсдийн гэсэн ёс заншил, түүхгүй улсыг ямар улс гэх вэ, өөрийн гэсэн ёс зүйгүй, зарчимгүй хүнийг ямар хүн гэх вэ?

-Даяар Монгол төрийн бус байгууллагын гишүүд өв уламжлалаа дагаж, түүх соёлоо судалсан хүмүүс байдаг уу?

-Мэдэхийг хичээн судалж байна. Монгол түүхээ судалснаар бахархал, итгэл үнэмшил, бадрангуй омогшил, хүн болж төлөвших ухааныг олж авдаг.  Түүх соёлоо судлахад бидэнд зааж зөвлөдөг олон сайхан ах нар байдаг. Мөнхтэнгэр нийгэмлэг, Монгол язгуур ухаан судлаач Оюутбилэг зэрэг хүмүүс бидэнд оюуны хөрөнгө оруулалт хийдэг. Би нэг жишээ хэлье л дээ. Урд хойд хоёр хөрш маань өнөөдөр бидэнд баярлах ёстой. Яагаад гэвэл Орос улс 13 вант улс болчихоод хоорондоо алалцаж дуусахын даваан дээр Бат хаан нэгтгэж өгсөн. Хятад Сүн, Тан, Лью гэсэн гурван улс болоод угсаа нэгтнүүд хагаралдаж байхад монголчууд нэгтгэж өгсөн. Магадгүй өдгөө хүчирхэг байгаагийн үндэс Их Монгол Улсын алсын ухааны л ач. Тэгэхээр Монгол ямар агуу вэ. Цээжээ дэлдэн хий онгирохыг хүсвэл хэн ч чадна. Гэхдээ эх түүх бол хүнд бодит ухаан, бахархлыг өгдөг. Үнэ цэнийг мэдрүүлдэг.

-Одоогийн төр засаг уламжлал, өв соёл гэхээсээ илүү европын стандартыг нэвтрүүлэхийг оролдож байна. Энэ зөв үү?

-Бид Монгол хүн гэж хэн бэ? гэсэн асуултад хариулж чадахаа больжээ. Эрийн гурван наадмаар өөрсдийгөө хэмжих болж. Гэвч монгол хүн жилийн дөрвөн улиралдаа зохицон нүүдэллэн амьдардаг, уужуу ухаан уртын бодолтой, хүлээц тэвчээртэй, үг сонсох, даах чадвартай үндэстэн. Эрх нэхэхээсээ өмнө үүрэг хариуцлагаа ухамсарладаг үндэстэн бол Монгол. Өөрсдийн гэсэн өв соёл, ёс заншил, түүх, аж төрөх өвөрмөц соёл, сэтгэлгээний өөр соёлтой улсад харийн соёлыг шууд хуулан нэвтрүүлнэ гэдэг хэр оновчтой юм бол доо. Шинэ гадны соёлыг нэвтрүүлж байгаа хүмүүс эхлээд Монгол хүн бэлдэх үү? Эсвэл гадаад хүн бэлдээд байна уу гэдгээ өөрсдөөсөө асууж үзээсэй. Сэтгэлгээний онцлогт нь тохируулна гэдэг их чухал. Бид юуг ч эсэргүүцдэггүй бүх зүйл зохих хэмжээгээр байх л хэрэгтэй.  Аливаа юмыг хослуулан хэрэглэх нь хамгийн зөв шийдэл байх.   Өв соёл язгуур ухаанаасаа суралцна гэдэг байгалийн хүчийг давах чадварыг ч өгөхөөр тийм л агуу зүйл дээ.

-Байгалийн хүчний өмнө хүн төрөлхтөн мөхөсддөг биз дээ?

-Монгол үндэстэн байгальтайгаа хүйн холбоотой. Байгалийг амьдчилан шүтдэг. Шувууны өндгөнд сүүдрээ хүргэхгүй байх, мод хугалахгүй, газар хөндөхгүй байх зэрэг нь  уламжлалт монгол ухаан. Газар ухвал монгол хүн ухсан газраа заавал бөглөдөг байсан. Энэ нь газрын хий гаргахгүй байх арга байлаа. Газрын хийг гаргаснаас болж хүчтэй салхи шуурга, үер усны аюул үүсдгийг билгийн ухаанаараа мэддэг байж.

-Монгол суу ухааны тухай нэг ярилцлагаар илэрхийлж багтахгүй. Одоо “шударга” гэсэн ойлголтын тухай ярилцъя.

-Ер нь шударга байна гэдэг харьцангуй ойлголт. Миний хувьд шударга санагдаж байгаа тэр зүйл өөр нэгний хувьд шударга бус санагдаж болох. Тэгэхээр шударга хүн гэхээсээ илүү ёс зүйтэй хүн гэж хэлэх нь зөв байх. Ёс зүйтэй хүн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бусдын эрхийг хүндэтгэдэг. Ёс зүйтэй хүн бусдыг хүндэлдэг, энэ нь  өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн байдагтай нь холбоотой. Ухаан хүнд сэтгэж, бодож, гарах үр дүнг тооцоолохын тулд заяасан. Ёс зүй бол танин мэдэж, ямар үнэлэмжтэй болсонтой нь шууд холбоотой. Энэ бүхнийг нэгтгэж ойлговол зөв хүн болох л чухал.

-Ардчиллын хамгийн том ололт нь түүхээ судлах боломж өгсөнд л оршиж байгаа юм гэж та хэлж байсан санагдана. Өөр боломж өгөөгүй гэж үү?

-Өнгөрсөн бүх амжилтаа танин мэднэ гэдэг хамгийн том ололт шүү дээ. Хувийн өмчтэй болох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг нь дагалдах зүйл юм шиг санагддаг.

-Монгол түүх, өв уламжлалын тухай олон жил ярьлаа. Хэзээ нэгдсэн үр дүнд хүрэх юм бол оо?

-Ярина гэдэг хамгийн том шийдэл. Сүүлийн үеийн залуучуудын сэтгэлгээ бие даасан, их өөр болсон. Зарим нэг нь харь соёлыг тахин шүтэж л байна. Байдаг л үзэгдэл. Харин монгол ухаан, монгол өв уламжлал ямар агуу зүйл болохыг мэдэхийг хүсдэг, сонирхдог залуус ч улам л олон болж байна. Энэ сайн хэрэг. Чингис хаан миний дээр төр, төрийн дээр мөнх хөх тэнгэр буй гэж хэлсэн байдаг. Тэнгэр заяатай Чингисийн Монголыг хөх тэнгэр хаяхгүй. Бүх зүйлийг сайнаар харж, хийх ёстой юм аа хийж л байя. Бид нэгдэж чадна. Бид бүтээж чадна. Бүхнийг цаг хугацаа харуулна.

-Нэгдэхийн тулд тогтолцоог өөрчлөх хэрэгтэй юу?

-Бүх зүйлийг л тогтолцооны түвшинд томруулан ойлгож, өөрчилж чадахгүйдээ санаашран суух хэрэг байна уу. Өөрсдөө л хийчихье. Эцэг эхийнхээ сургаалийг сонсож байя. Зорилготой үр бүтээлтэй амьдарцгаая. Түүх соёлоо судалж, үнэ цэнэтэй амьдрахад төрийн оролцоог хүлээх шаардлагагүй. Өөрсдөөсөө шалтгаалах зүйлийг өөрсдөө хийхэд л цаг хугацааны явцад бүх зүйл өөрчлөгднө. Төрөлх ухаан, мэдлэгийн ухаан, заль ухааныг хослуулж чадах чадварыг ганцхан хөх толбот Монгол хүн бидэнд заяажээ. Өндөр заяагаа хүндэл, өөрийнхөө үнэ цэнийг мэдэж амьдарцгаая.

Даяар Монгол гэсэн нэрийг сонсоход хүмүүст өөр өөр төсөөлөл буудаг байх. Нийгэмд зориудаар тараагдсан хүчирхийлэгч, танхай дээрэм гэсэн ойлголт энэ залуучуудад огт тохирохгүй тодорхойлолт болохыг дээрх ярианаас бэлхнээ харж байгаа биз ээ. Гурван нүүдлийн цаадхыг харсан жинхэнэ монгол эр хүн хэмээх ойлголтыг ярилцлагын баатар маань өглөө.  Эх түүхээрээ бахархдаг, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг Монгол хүмүүс улам олон болох болтугай.

Ярилцсан: Б.Гоомарал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ganbat:
bayarlalaa tanid
2015-09-10
zochin:
mundag zaluu
2015-09-08
Ganbat:
bayarlalaa tanid