Толгойгоо илүүлсэн томчууд

img

Төрийн өндөр албан тушаалтнууд  хээл, хахуулийн хэрэгт холбогдон  хэдэн он дамжин шалгагдаж эцэст нь өршөөлийн хуульд хамрагдан суллагддаг.  Шүүхээр гэм буруутай нь тогтоогдож  өршөөгдсөн зарим эрхмүүдийн хэргийг дор нэхэн сануулья.   Ч.Сангарагчааг  тэнсэн харгалзаж суллав Хууль бусаар ажилтнаа тагнаж чагнасан хэргээр шүүхээр яллуулсан Авилгатай тэмцэх газрын дарга асан Ч.Сангарагчаа  хоёр жил дөрвөн сар, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноох шийдвэрийг хоёр шатны шүүхээс гаргасан билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 87.1, 111.2, 133.1, 263.2, 273.3 дахь хэсэгт заасан таван зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн ч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн. Үүнтэй адил зүйл ангиар буруутгагдаад байсан АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарчийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдоогүй учир анхан шатны шүүх хурлаар цагаатгасан  юм. Ч.Сангарагчааг төрийн нууц задруулсан, гүтгэлгийг олон нийтэд тараасан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, төрийн албан тушаалтны албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 87.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял оноосон. Түүнчлэн Эрүүгийн хуулийн  133.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялаар, 111.2 дахь хэсэгт зааснаар дөрвөн сар баривчлах ялаар, 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн байна. Ч.Сангарагчаад 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нэмэгдэл ялын хамт 2009 оны Өршөөлийн хуульд хамруулан шийдэж байв. Ингээд түүнд оногдсон таван зүйл ангийн нэг зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, нэг зүйл ангийг өршөөлд хамруулан үлдсэн гурван зүйл ангийг нэмж нэгтгэн хоёр жил дөрвөн сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн  байна. ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги буюу Зайсан дахь хүүхдийн хорих ангид хуваарилагдсан тэрбээр хорих ангийн эд хогшлыг хариуцан ажиллаж байгаа билээ. Гэвч хяналтын шатнаас тэдэнд холбогдох хэргийг хянаж үзээд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн  боловч 2-2,4 жилийн хорих ялыг нь тэнсэн харгалзах ялаар өөрчилсөн юм.                                                       Зоос банкны захирлыг өршөөв Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд Зоос банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох хэргийг хэлэлцэж гэм буруутайд тооцон зургаан жилийн хорих ял оноосон юм. Түүнийг  банкны хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн гэсэн дүгнэлт гаргаж 1.6 тэрбум төгрөгийг төлүүлэх  шийдвэр гаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ш.Чуданжий уг мөнгийг хүмүүст зээлдүүлсэн гэж тайлбарласан аж. Гэвч түүний хэнд хэчнээн төгрөг зээлдүүлсэн нь батлагдаагүй тул “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд үрэгдүүлсний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр яллажээ. Анхан шатны шүүхээс Ш.Чуданжийд холбогдох хэргийг хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж, түүнийг бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноож улмаар 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хорих ялыг хэлтрүүлжээ. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс  улсад төлүүлэх тэрбум төгрөгийг захиргааны журмаар шийдвэрлүүлэхээр болсон байна.                                                        П.Даш өршөөгдөхгүй цагаадна гэв Онцгой байдлын газрын дарга, тэргүүн комиссар асан П.Даш төсвийн мөнгө шамшигдуулсан хэргээр хоёр шатны шүүхээс 4,6 жилийн хорих ял сонсгож өршөөж байсан юм. Гэвч түүний хэргийг  өнгөрсөн онд   гурван ч удаа хяналтын шатнаас нэмэлт мөрдөн байцаалтад  буцаасан билээ. Өмнө нь тус хэргийг 2009 оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхэд гурван өдрийн турш хэлэлцэж, 4.6 жилийн хорих ял оноож байсан юм. Гэвч хэрэг хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байв. П.Даш, Л.Алтангэрэл нарыг улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан, бараа материал, машин техникийг тендерийн шалгаруулалтгүйгээр авсан, холбогдох хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр 2007 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Уг хэргийг эцэслэн шийдээгүй л байна. Тэдэнд эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлэээр буруутгаж байгаа. Хэрэв гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.      Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ