
2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг автомат машинаар тоолж, үр дүнг нь харахад цөөн хоног үлдлээ. Үүнтэй холбоотойгоор СЕХ байрандаа санал тоолох техникийг ажиллуулж улс төрийн нам, төрийн бус байгууллагын төлөөлөгчдөд танилцуулсан юм. Санал тоолох техникийг танилцуулах болон албан ёсны туршилтыг дөрвөн удаа явуулсан бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн удаа туршлаа.
Туршилт явуулахад хөндлөнгийн хяналт тавихаар мөн өөрсдөө санал өгч туршиж үзэхээр бүх намын төлөөлөл ирлээ. СЕХ-ны хурлыг танхимыг тухайн өдөр санал авах хэсгийн хорооны загвараар тохижуулсан юм.
Өөрөөр хэлбэл, сонгогч үүдээр ороод хамгийн түрүүнд Иргэний бүртгэл мэдээллийн итгэмжлэгдсэн ажилтан дээр очиж хурууны хээ таних машинд арван хурууныхаа аль нэгийг нь уншуулаад өөрийнх нь бүртгэл баталгаажсан, мэдээлэл тухайн иргэнийх мөн гэдгийг батлуулсан цаас авч, хэсгийн хорооны гишүүнд үзүүлж саналын хуудсаа авах юм байна.
Ингээд тусгай зориулалтын хаалт тавьсан ширээнд сууж санал өгөх нэр дэвшигч, нам эвслийг дугуйлах аж. Тусгай хаалтын дотор талд саналын хуудсыг хэрхэн бөглөх зааварчилгааг наасан бөгөөд сонгогч тухайн зааварчилгааг дагаж саналаа бөглөөд автомат машинд саналын хуудсаа хийхээр дараалалтай байхаар өрөөний дотор талд сонгуульд хэрэглэх эд зүйлсийг байрлуулжээ.
Энэ үеэр саналын хуудсаа хазгай, хагас дутуу бөглөх эсвэл өөр тэмдэглэгээ хийсэн тохиолдолд саналын хуудсыг машин уншихгүй бөгөөд эргэж гарч ирдэг гэдгийг улс төрийн нам эвслийн төлөөлөгчдөд танилцууллаа.
Улс төрийн нам, эвслийн төлөөлөгчид санал тоолох машинд зориудаар хоёр талыг нь алдаатай бөглөсөн, буланг нь хайчилж хүчингүй болгосон саналын хуудас зэргийг янз бүрийн байдлаар хийж туршиж харагдав.
Санал өгөгч иргэн санаатай алдаа гаргасан тохиолдолд саналын хуудас дахиж олгохгүй бөгөөд өөр нэр дэвшигчийн нэр андуурч дугуйлсан гэдгээ машинд хийхээс өмнө мэдсэн тохиолдолд хэсгийн хорооны гишүүнд хуудсаа өгч буланг нь хайчлуулж хүчингүй болгоод дахин нэг удаа хуудас авч бөглөх боломж олгожээ.
Автомат машин нь тогноос гадна 13 цаг цэнэгээ барьдаг нөөц зайтай аж. Иргэдийн хурууны хээг тухайн өдрийн хугацаанд ашиглах зорилгоор ТЕГ-аас зөвшөөрөл авч хэсгийн хороодод тусгай нөүтбүүкээр 20.00 цаг хүртэл бүртгэхээр програмчилжээ.
Гэхдээ зөвхөн тухайн дүүрэг, аймаг сумдын хүмүүсийн хурууны хээг таних хэсэгчилсэн програм суулгасан учраас өөр дүүрэг, хэсгийн хороонд очиж саналаа өгөх ямар ч боломжгүй гэв. Намуудын төлөөлөл машины аюулгүй байдал, санал давхардаж өгсөн эсэх, лацадсан машин дотор хуудас байх боломж байна уу, машин саналаа хүлээж авч дуусаад үр дүнг нь хэрхэн гаргаж байгаа зэрэг олон болзошгүй эрсдлүүдийг туршиж, асууж тодруулсны дараа энэ машинд итгэж болох юм байна гэдэгт санал нэгдлээ.
Хамгийн гол нь эргэж хяналт хийж болохоор байгаа нь чухал хэмээгээд та бидний саналыг луйвардах боломж байхгүй болсон учраас өөрийн дэмжиж байгаа нэр дэвшигч, нам эвсэлд саналаа идэвхтэй өгөхийг уриалсан юм.
Улсын хэмжээнд 1908 хэсгийн хороонд 2446 санал тоолох машиныг хүргүүлээд байгаа бөгөөд хэсгийн хорооны даамлууд шалгаж, мэдээллээ СЕХ-нд ирүүлээд байгаа аж.
Нийт 2300 машины ерөнхий мэдээлэл ирсэн бөгөөд 140 нь сүлжээнд холбогдоогүй сум, багт байгаа учир одоогоор мэдээлэл ирж амжаагүй байгаа гэнэ. Санал тоолох машиныг СЕХ хүлээн авсан даруйдаа анхны хүлээлцэх шалгалтад оруулсан байна.
Улмаар ТЕГ, СЕХ, Мэдээлэл, харилцааны агентлагийн хамтарсан шалгалтыг машин тус бүрт хийж сертификат олгожээ. Мөн саналын хуудас хэвлэгдсэний дараа 500 саналын хуудас тутмаас нэг саналын хуудсыг авч тестэлсэн байна.
Энэ сарын 23-ны өдөр 1908 хэсгийн хороонд санал тоолох машинуудыг хүргүүлсний дараа хэсгийн хороон дахь даамлууд шалгаж, мэдээгээ СЕХ-нд ирүүлжээ. Мөн иргэд дараалал үүсгэж удаан зогсохоос түвэгшээж саналаа өгөхгүй байх магадлал байгааг харгалзан үзэж, нэг саналын хуудсыг 5-6 секундэд уншихаар програмчилжээ.
Түүнчлэн хүн ам ихтэй дүүрэг, тойргийн хороодод хоёр хурууны хээ таньдаг машин байрлуулсан гэв. Уг танилцуулгын төгсгөлд лацыг онгойлгож шалгаж болох уу гэсэн асуултад СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн “Лацыг онгойлгох ганцхан тохиолдол байгаа. Хэрвээ машинд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд лацыг онгойлгож, гар ажиллагаанд шилжинэ гэсэн хуультай” гэв.
У.Жигүүр



СЭТГЭГДЭЛ БИЧИХ