
Японы телевизор үйлдвэрлэгч, өрсөлдөгч компаниуд болох Sony, Panasonic нар OLED телевизор хийхээр хамтран ажиллах гэж байна. Учир нь тэд энэ төрлийн зах зээлд Солонгосын өрсөлдөгч компаниуд болох Samsung, LG нарын давуу байдлыг бууруулах хэрэгтэй гэж үзжээ.
Шингэн кристал дэлгэцийн үргэлжлэл болох OLED телевизорын зах зээлд хэрэглэгчдийг татах хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулж чадах компани ялахаар байгаа юм.
Sony болон Panasonic-оос хийсэн хамтарсан мэдэгдэлд 2013 он гэхэд их хэмжээний тоогоор үйлдвэрлэл явуулж чадах технологи хийх зорилттой байгаа гэсэн юм.
Samsung болон LG компаниуд аль аль нь 55 инчийн OLED зурагтын анхны загваруудаа үйлдвэрлэсэн бөгөөд, энэ жил худалдаанд гарах юм. Дам яриагаар үнэ нь 10,000 ам.доллар, эсвэл адилхан LCD загвараасаа дөрөв дахин үнэтэй байх төлөвтэй байна.
LG Display-гийн гүйцэтгэх захирал хэлэхдээ, дотоодын судалгаагаар OLED телевизорын үнэ 1,3-1,4 дахин буусан үед хэрэглэгчид худалдан авч эхлэх гэнэ.
Судалгаагаар OLED телевизийн борлуулалт энэ жил дөнгөж 34,000 байх бол 2015 он гэхэд 2,1 саяд хүрэх аж.
Сүүлийн үед Өмнөд Солонгосын энэ салбарын компаниудад шахагдаж байгаа Sony, Panasonic компаниуд тус телевизорыг хамтран бүтээвэл давуу талтай байх аж. Сүүлийн арван жилд Sony компани телевизор үйлдвэрлэлтээс 12 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.
Sony нь OLED технологийн хувьд анхдагч бөгөөд анхны OLED телевизийг 2007 онд худалдаанд гаргаж байсан юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ