
МАН-ын гишүүн, улс төр судлаач Б.Батсайхантай ярилцлаа.
-Танай намын дарга асан С.Баяр саяхан сонинд өгсөн ярилцлагандаа “Хамтарсан засгийн газар байгаагүй бол Монголчууд бид дэлхийн эдийн засгийн хямралд нэрвэгдэж, модоо барих байсан” гэж хэлсэн байсан.Тэгэхээр хамтарсан Засгийн газар л эдийн засгийн хямралаас аварсан байх нээ?
-Ярилцлагыг нь уншсан. Тэгж хэлсэн байна лээ. Үүнтэй холбогдуулан хэлэхэд манай орны эдийн засаг дэлхийн эдийн засагт ямар хувь эзэлдэг билээ. Ний нуугүй хэлэхэд байгаа үгүй нь мэдэгдэхгүй тийм л хэмжээнд байгаа шүү дээ. Өөрөө өөрсдийгөө л хямруулаад хаячихгүй бол гадны нөлөөлөл бидэнд харин ч бага нөлөөлдгийг түрүүчийн хямрал харуулсан. Өндөр хөгжилтэй, том эдийн засагтай орнуудын хувьд донсолгоо нэг л үүсвэл байдал маш хүндээр тусаж байгаа нь үнэн. Тэгэхээр энэ үг тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй байгаа юм. Тэгэхээр С.Баяр даргын тэр үг өөрийнхөө өлгийдөж авсан Хамтарсан Засгийн газрыг л зөв зүйл байсан мэтээр олон нийтэд харуулах гэсэн оролдлого нь юм болов уу. Нөгөө талаар ойлгоход МАН дангаараа улс орноо аваад явах чадваргүй гэж ч хэлээд байх шиг. Улс төрийн аль нэг хүчинтэй хүч хавсрахгүй л бол бид барахгүй нь гэдэг санаа эндээс шууд цухалзаад байгаа юм. Намын дарга байсан хүний амнаас гармааргүй, хариуцлагагүй үг хэлсэн байна лээ.
Харин модоо барина гэдгийн хувьд их л билэг дэмбэрэлгүй үг юм. Өнгөрсөн зууны 30-аад онд Украйнд тохиолдсон шиг их өлсгөлөн, гуйланчлалыг манай монголчууд түүхэндээ үзсэнгүй. Буянт мал сүргийнхээ ачаар өвөг дээдсээсээ өнөөг хүртэл хоёр иддэггүй юмаа гэхэд хоосон хоноогүй ирсэн ард түмэн.
-Хамтарсан Засгийн газар байгуулагдах нь зайлшгүй байсан юм уу. Энэ талаар таны бодол?
-Парламентын засаглалтай орнуудад сонгуульд оролцсон улс төрийн намууд дангаараа Засгийн газраа бүрдүүлэх суудал аваагүй тохиолдолд өөр нэг улс төрийн хүчинтэй хамтарч эвслийн Засгийн газар байгуулдаг тогтсон практик бий. Харин хангалттай суудал авчихаад түүнийгээ эргүүлээд цөөнх болсон намдаа ”борлуулчихдаг” гаж сонин тохиолдол манайд л анх удаа гарч байх шиг байна.
2008 онд хамтарсан Засгийн газар байгуулагдах үед олон ч хүн болохгүй ээ гэдэг үгээ хангалттай хэлж байсан.С.Баяр гэдэг хүн зүтгүүлсээр байгаад л өөрийнх нь хэлснээр Стандарт бус Засгийн газрыг байгуулсан. Үүний үр дагавраар энэ парламентын хугацаанд “Дөнгөн данган амьтай “байсан нийгмийн хяналтыг хамгийн дээд шатанд нь бүрмөсөн нүд аниуллаа. Парламентад байх ёстой сөрөг хүчин гэдэг хяналтын хүчирхэг механизм ч сарниж бутраад замхран алга болов. Үүний горыг бид өнөөдөр хангалттай амсаж байна. Миний хувьд зөвхөн энэ факт л Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны хамгийн гол хор уршиг гэж үзэж явдаг.Түүнээс гадна хариуцлагаас мултрах, зугатах гол халхавч байсныг ч үгүйсгэх аргагүй юм.
-“Долдугаар сарын 1”-ний үйл явдал ,намын байр шатсан, Оюутолгойн гэрээ гээд олон зүйлийн хариуцлагаас намын хуучин дарга чинь мултраад байх шиг?
-Өнгөрсөн нийгмийн үед олон үнэт зүйлс байсан. Энэ үед сахилга, хариуцлага, хяналт жинхэнэ утгаараа хэрэгжиж байлаа. Харамсалтай нь бид нийгмийг эрүүл саруул байлгадаг маш чухал энэ хэрэгслийг уламжлан авч өнөөгийн нийгэмд нутагшуулж чадсангүй. Үүний нэг тод жишээ нь гурван жил өнгөрөөд байхад “Долдугаар сарын 1”-ний хэрэг явдлын гэм буруутан тогтоогдоогүй байгаа явдал юм. Тэр үед С.Баяр ерөнхий сайд байсан уу байсан, таван хүн амь эрсдсэн үү эрсдсэн, намын байр шатаагдсан уу шатаагдсан. Зүй нь С.Баяр төр талаасаа таван хүний амьтай, нам талаасаа шатаагдсан байрны асуудлаар шууд л хариуцлага хүлээх ёстой байлаа. Харамсалтай нь хүлээсэнгүй. Энэ байдал нь улам даамжраад улс үндэстнийхээ язгуур эрх ашгаас уравсан Оюутолгойн гэрээ гэгчийг байгуулсан. Буруу юм хийснийгээ “34 байснаас 50 хувь байсан нь бидэнд унацтай л даа” гэж ярилцлагандаа өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байна лээ . Эрт орой хэзээ нэгэн цагт С.Баяртай хариуцлага тооцох нь тодорхой. Үүнийгээ ч мэдсэн үү яасан барьж байсан улайдсан төмрөө одоогийн Ерөнхий сайдад атгуулчихаж байгаа юм. Энэ байдлыг нь харахаар хүн чанараар ч төдийлөн сайнгүй юм шиг. Уг нь Оюутолгойн гэрээг би толгойгоороо хариуцна гэж ой тойнд ортол хэлж байсныг нь захын Монгол хүн гэрчилнэ дээ. Ямар ч байсан хариуцлага хүлээх тун дургүй хүн юм, хариуцлагаас ч их зугатах юм. Би л хувьдаа хувийнх нь шинж чанарт дүгнэлт хийгээд цаашдаа төр засгийн хариуцлагатай ямар ч албан тушаалд огт тэнцэхгүй хүн юм байна даа гэсэн хатуу ойлголттой болчихоод байгаа.
-УИХ- ын нэр бүхий 20 гишүүн их хурлын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд Засгийн газрыг огцруулах асуудлыг тавина гэсэн шаардлага хүргүүлээд байна ?
-Эх орон ард түмнийхээ төлөө ажиллах ёстой хүмүүс харин илтэд эсрэгээр ажиллаад байгаад нь үнэхээр сэтгэл түгших боллоо. Гадны компани аль нэгэн улсын эрх ашгийг гадны хөрөнгө оруулалт гэдэг нэрийн дор амь тэмцэн хамгаалдаг болсон байна. Энэ нь маш ноцтой асуудал. УИХ-ын 20 гишүүний тавьж байгаа шаардлага зүй ёсных гэж үзэж байна. УИХ баталсан бол тогтоолыг Засгийн газар үг дуугүй биелүүлэх үүрэгтэй. Хэрэв чаддаггүй юм бол шалтгаанаа хэлээд л дараагийн хүмүүстээ суудлаа тавьж өгдөг нь ардчилал хөгжсөн аль ч оронд байдаг ердийн зүйл. Манайд л боодогны ямаа шиг чарлаад байгаа нь улс төрийн соёл төлөвшөөгүйн илрэл л дээ. Японд долоо хоноод ч огцорч байна, сар болоод ч огцорч байна.Энд гайхах зүйл огт алга. Нийгмийнхээ өмнө хүлээх хариуцлага ийм л байдаг юм байна. Бид ажлыг авч чаддаг бол өгч чаддаг чадварт их л хурдан суралцмаар байгаа юм.
-Рио –Тинтогийн удирдлагаас “Монголын улс төрчид битгий давар “гэсэн утгатай сануулга өглөө .Үүнийг нийгэм янз бүрээр л хүлээж авах шиг боллоо.
-Энэ компаний удирдлагын нэг нь Монгол Улс бүү давар гэж хэлээгүй байна лээ. Харин улстөрчид нь битгий давар гэсэн нь гэрээ байгуулсан нууцаа дэлгэхэд бид бэлэн шүү гэсэн санаа юм болов уу гэж ойлгогдохоор байгаа. Бид өгдөгөө өгсөн, хэмжээ нь хангалттай, нэмж чадахгүй,
харин
та нар өөрсдийнхөө хариуцсаныг олигтойхон хийгээрэй гэсэн сануулга ч юм шиг. Энэ хүний ярианаас хойш төдий удалгүй энэ ч үнэн шүү гэсэн шиг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн маань “нөхөр Засгийн газар чи Их хурлын 57-р тогтоолыг биелүүлэхгүй яагаад задраад байна” гэж хэлэхийн оронд их хурлын дарга, Ерөнхий сайд хоёрыг дуудаж авчраад хоороороо Оюутолгойн гэрээг магтан дуулсан нь хэний ч анхаарал татахгүй байхын аргагүй юм. Тун сонирхолтой юм болж байгаа биз? Энэ явдал Улсын их хурлын гишүүдийн хэн нь хэн бэ? гэдгийг ч ялгаад өгөх шиг боллоо. Миний харж байгаагаар улс үндэстнээ гэсэн 20 гишүүн баталгаатай байгаа юм байна. Үлдэж буй 56-г нь цаг хугацаа илчлэх байхаа. Үүнтэй холбогдуулан нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Бид энэ өдрийг хүртэл гадаадын хөрөнгө оруулалт гэж юуг хэлэх вэ? гэдэг талаар нэгдсэн ойлголт байхгүй,түүнийгээ тодорхой томъёололд ч оруулалгүй явж ирсэн гэхэд болно. Өнөөдөр гартаа хүрз барьж шуудайтай юм үүрсэн хүн ч гадаадын хөрөнгө оруулалт, 2 трактор вагонд ачсан хүн ч гадаадын хөрөнгө оруулалт болж байна. Иим байдал удаан үргэлжилбэл бидэнд л их хортой, хохиролтой тусах болно.Энэ асуудлыг цаг алдалгүй шийдэх хэрэгтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ