
Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийн эхлэл болох Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах тухай Засгийн газрын тогтоол өчигдөр батлагдсан.
Тэдний боловсруулсан төсөлд “Сайн шанд” дахь аж үйлдвэрийн цогцолборт жилд хоёр сая тонн кокс олборлох үйлдвэр, катодын зэс 450 мянган тонн, алт 15 мянган тонн, 96 мянган тонн мөнгө боловсруулах зэсийн хайлах, 4.5 сая тонн үрлэн төмөр бэлтгэх, нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөжээ.
Эдгээрээс хуваарийн дагуу цогцолборын гаднах дэд бүтэц 2014 оны эхээс 2017, цогцолборын доторх дэд бүтэц 2013 оны сүүл-2017, нийгмийн байгууламжууд 2015 оны эхнээс 2018, цементийн үйлдвэр 2013 оны дунд үеэс 2015, коксын үйлдвэр 2014 оны сүүлээс 2017, зэс хайлах үйлдвэр 2014 оны сүүлээс 2018, үрлэн төмрийн үйлдвэр 2015 оны эхэн үеэс 2017 онд баригдах ажээ.
Харин түүхий эдийн хувьд цогцолборт жилд 12 сая тонн түүхий эд, материал, долоон сая тонн гаруй боловсруулан бүтээгдэхүүний тээвэрлэлт хийгдэх юм байна. Үүнтэй холбогдуулан ачаа тээврийн иж бүрэн байгууламж барих шаардлага бий болжээ. Урьдчилсан тооцоогоор долоо хоногт 54 вагон, 66 машин, 426 ачааны тэрэг ирэх бол 33 вагон, 60 машин, 537 ачааны тэрэг бэлэн бүтээгдэхүүн тээвэрлэнэ. Цогцолборт дунджаар жилд 11.8 сая тонн ус хэрэглэгдэх бөгөөд Бор-Хөөврийн ордын нөөц нь энэхүү хэрэглээг эхний ээлжинд хангах боломжтой.
Гэвч үйлдвэрлэлийн шат эхлэхээс өмнө усны нэмэлт хайгуул судалгааг хийх шаардлагатай байгаа ажээ. Ажиллах хүчний хувьд бүтээн байгуулалтын шатанд цогцолборын хэмжээнд нийт 2400 гаруй тогтмол ажлын байр бий болж түүнийг даган 21 мянган хүнтэй шинэ суурьшлийн бүс үүсэх юм. Шинээр сууршлийн бүс үүсэхтэй холбогдуулан 7300 айлын орон сууц, долоон лаборатори, нэг эмнэлэг, долоон сургууль, таван цэцэрлэгийг барьж байгуулна.
Уг цогцолборыг байгуулахад ойролцоогоор 9.3 тэрбум ам.доллар шаардлагатайгаас дэд бүтцийг барихад нийт 3.7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт, үүнээс доторх дэд бүтцэд 2.74 тэрбум, гаднах дэд бүтцийг барьж байгуулахад 1.29 тэрбум ам.доллар шаардагдана. Цогцолборын гаднах дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгөнөөс 976 сая ам.долларыг төр хариуцан санхүүжүүлэх юм байна.
Энэхүү цогцолборыг ашиглалтад оруулснаар манай улсын эдийн засгийн бодит өсөлт огцом нэмэгдэж, аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 57 хувьд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 14 хувьд, эдийн засгийн өсөлт 2013-2021 онд дунджаар 15.8 хувьд хүрч өсөх боломжтой хэмээн үзжээ.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ