Метро барих гэж байгаад эртний зам олжээ

img

Грекийн археологичид 2000 жилийн өмнө хотын гол зам байсан эртний ромын 70 метр замыг илрүүллээ. Гантигаар дэвссэн уг замыг дөрвөн жилийн дараа Тессалоникад баригдах метроны шинэ замын ажлын үеэр малтаж гаргасан байна. Малталтын ажлыг даваа гаригт олон нийтэд үзүүлсэн юм. Гантиган замын зарим хэсэг дээр хүүхдийн хөлөгт тоглоомны мөр үлдсэн байсан бол, зарим хэсэгт морин тэргийн мөр үлдсэн байлаа. Мөн замын хажууд гантиг багана болон гэрлүүд ч байжээ. Уг төсөл дээр ажиллаж байгаа Вики Тзанакоулын хэлж байгаагаар энэ зам нь 1800 жилийн настай. Харин түүний дороос үүнээс 500 жилийн өмнө барьсан бүр эртний зам олдсон гэнэ. “Бид дээр дээрээсээ баригдсан замууд олсон. Энэ нь хотын хэдэн зуун жилийн түүхийг харуулах болно. Эртний болон хажуугийн замууд перпендикуляр байрлалтай байгаа нь орчин үеийн замтай их төстэй байгаа юм” гэлээ. Хотын төвөөс долоон метрийн дор уг зам оршиж байжээ. 2006 онд эхэлсэн метроны ажил нь археологичдод азтай явдал болсон боловч төсөл удаашрахад хүргэсэн талтай. Тессалоникагийн метроны ажилчид 2008 онд мянга гаруй булш олсон бөгөөд, зарим нь эрдэнэсээр дүүрэн байжээ. Булшнууд өөр өөр хэмжээ, хэлбэртэй байсан ба заримд нь үнэт эдлэл, зоос болон өөр бусад урлагийн зүйлс олдсон юм. Тессалоникагийн метроны ажил төлөвлөсөн хугацаанаасаа даруй дөрвөн жилээр хоцорч байгаа нь малталтын ажил болоод Грекийн санхүүгийн хямралаас үүдэлтэй аж. Эхний үед 13 метроны буудал ашиглалтад орох бол, 10 буудлын өргөтгөлийг дараагийн ээлжинд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ