
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Лондон хотноо болох олимпийн наадамд оролцох эрх өвөртөлсөн цагдаагийн албан хаагчид өнөөдөр төрийн сүлднийхээ өмнө хүндэтгэлтэйгээр зогслоо.
Хөх дүрэмт хувцсаар жигдэрсэн спортын мастеруудаа Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд болон мөр зэрэгцэн алба хааж буй нөхөд нь тус газрын хурлын зааланд өнөөдөр 11.30 цагаас хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг нээж Монгол Улсын гавьяат дуучин, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ариунбаатар ая дуугаа өргөсөн бол тус газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир олимпийн наадамд оролцох тамирчдад баяр хүргэн амжилт хүсч Монгол Улсынхаа төрийн далбааг Лондонгийн тэнгэрт мандуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Хүн төрөлхтний спортын их наадамд оролцох эрхээ авсан цагдаагийн байгууллагын тамирчид болох хөнгөн атлетикийн марафоны төрөлд эрх авсан МУ-ын гавьяат тамирчин, цагдаагийн ахмад Б.Сэр-Од, ОУХМ ахлагч Л.Отгонбаяр, жудо бөхийн төрөлд МУ-ын гавьяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч М.Бундмаа, ахмад С.Миярагчаа, чөлөөт бөхийн төрөлд МУ-ын гавьяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа, дэслэгч О.Бурмаа, боксын төрөлд ОУХМ, цагдаагийн дэслэгч Б.Түвшинбат, сонсогч МУ-ын гавьяат тамирчин Н.Төгсцогт нарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тус бүр 10 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж, дурсгалын зүйл гардууллаа.
Монголчууд өнгөрсөн хагас зуун жилд олимпийн наадмаас 19 медаль хүртсэнээс цагдаагийн байгууллагын баг, тамирчид 1968, 1980, 1992 оны зуны олимпийн наадмаас чөлөөт бөх, бокс, жудо бөхийн төрлөөр Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Н.Баярсайхан, О.Даваадалай нар медаль хүртэж соёмбот мандуулж ирсэн арвин баялаг түүхтэй гэдгийг салбарын удирдлага нь онцолсон юм.
Энэ удаагийн олимпийн наадамд оролцохоор спортын долоон төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорих 29 тамирчины арав нь цагдаагийн байгууллагаар овоглож олон арван нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцож байжээ. Үдэлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын гавьяат тамирчид сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.
Монголын цагдаагийн байгууллага дахь спортын хөгжлийн энэ үеийн түүхийг бичиж байгаа цагдаа, дотоодын цэргийн нийт тамирчдад сэтгэл зүрх оюун ухаан хөдөлмөрөөрөө дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн цагдаа, дотоодын цэргийн албан хаагчид, байгууллага хамт олон, нийт хүмүүст талархаж буйгаа илэрхийлэв.
Зуны олимпийн их наадамд оролцох хамгийн анхны эрхийг авч, Монгол Улсынхаа төрийн далбааг олимпийн тэнгэрт залж явах хүндтэй үүргийг хүлээсэн Монгол Улсын гавьяат тамирчин, хөнгөн атлектикийн спортын мастер, цагдаагийн ахмад Б.Сэр-од болон бусад тамирчдад цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Хүн төрөлхтний спортын их наадамд оролцох нийт тамирчдадаа Шууд.мн сайтын хамт олноос амжилт хүсье.




Н.Бүжин
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ